Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 31.616, мөрдөн байцаалтын 2509 хэрэгт хяналт тавьж, нийт 140 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
-Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн Улсын бүртгэлийн газар болон Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан О.О нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын орон сууцны өмчлөх эрхийг зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлж давуу байдал бий болгосон, үндэсний гадаад паспортыг хуурамчаар гаргаж өгөхийн тулд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргаар ажиллаж байсан Ц.А нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, “С” төвийг гүйцэтгэгчээр сонгон шалгарах нөхцөлийг зориудаар бүрдүүлж, хамтран ажиллах гэрээг байгуулан, хийгдсэн ажил, үйлчилгээ байхгүй байхад 18.000.000 төгрөгийг шилжүүлж, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Иргэн Г.М нь хувь хүний хуулиар хамгаалагдсан эмзэг мэдээллийг зөвшөөрөлгүйгээр өөрийн гар утсаараа бичлэг хийж, хууль бусаар олж авсан, улмаар бичлэгийг олон нийтийн сүлжээнд тараахаар сүрдүүлж, бусдад задруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/, 13.10 дугаар зүйлийн 1 /Хувь хүний нууцад халдах/, 17.8 дугаар зүйлийн 1 /Эд хөрөнгө устгах, гэмтээх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Иргэн Ц.Н, Д.С нар нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан онцгой албан татварын хуурамч тэмдэгттэй архийг худалдан борлуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.7 дугаар зүйлийн 4 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Мөн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 70, Өмчлөх эрхийн эсрэг 38, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хүний амьд явахын эсрэг 4, Хуурамч баримт бичиг үйлдэх ашиглах 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Авлига, албан тушаалын 2, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )