Ким Жун Гүг: Аяллын визээр яваад, хууль бусаар ажил хөдөлмөр эрхлэх явдал буурахгүй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 28

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзжээ. 

Уулзалтаар Монгол Улсын иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх замаар хууль бусаар оршин суух, хөдөлмөр эрхлэх байдлыг багасгах, Бүгд Найрамдах Солонгос Улсад гэрээгээр ажиллаж байгаа иргэд болон богино хугацаагаар ажиллах, аялах, эмчилгээнд хамрагдахаар явж буй иргэдийн нийгмийн баталгаанд анхаарах боломж болон ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний асуудлын талаар санал солилцсон байна.

Элчин сайд Ким Жун Гүг, "Өдөрт 800-900 хүн виза мэдүүлдэг. Засгийн газар хоорондын гэрээгээр хууль ёсоор ажиллах боломж байхад тэр квотыг бүрэн ашиглахгүй, богино хугацааны аяллын визээр яваад, хууль бусаар ажил хөдөлмөр эрхлэх явдал буурахгүй байна. Тиймээс визний хугацааг уртасгах, илүү нээлттэй болгох, хохирогчгүй, хүртээмжтэй тогтолцоог бий болгохын тулд хичээн ажиллах болно” гэсэн байна.

Уулзалтад Монголын талаас ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр болон холбогдох хэлтсийн дарга нар Солонгосын талаас Элчин сайдын 2 дугаар нарийн бичгийн дарга Им Гыг Хи нар байлцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top