Монгол Улсын экспорт, импортын ТӨЛӨВ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 29

Монгол Улс энэ оны эхний долоон сард нийт 146 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.7 тэрбум ам.доллар болсон. Үүнээс экспорт 8.7 тэрбум ам.доллар, импорт 5.0 тэрбум ам.доллар хүрээд байна. 

Тэгвэл Төв банкны инфляцын тайланд экспорт, импортын нөхцөл байдлыг дурдахдаа, экспортын өсөлт энэ онд импортын өсөлтийг давж цэвэр экспорт сайжрах хүлээлттэй байна гэжээ. 

Тодруулбал: Нүүрс, зэс, газрын тос, төмрийн хүдэр, мах махан бүтээгдэхүүний экспорт өмнөх оноос нэмэгдэхийн зэрэгцээ гол нэрийн экспортын түүхий эдийн үнийн төсөөлөл нэмэгдсэн нь экспортыг нэмэгдүүлэх гол нөлөө үзүүлэхээр байна.

Нөгөө талаас уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг дагаад машин тоног төхөөрөмжийн импорт, тээврийн зардал нэмэгдэн үйлчилгээний импорт тэлэх хандлагатай байгаа бол төмөр замын том бүтээн байгуулалтын ажил дууссанаар бусад хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт буурах, өрхийн хэрэглээ, уул уурхайн бус салбарын идэвхжил суларснаар хэрэглээ болон аж үйлдвэрлэлийн орц бүтээгдэхүүний импорт буурах төлөвтэй байна. 

Ирэх жилүүдэд уул уурхайн салбарын идэвхжлийг даган эрдэс бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх, түүхий эдийн үнэ өмнөх оноос буурах ч харьцангуй өндөр түвшинд хадгалагдах, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт саарах зэрэг нь цэвэр экспортыг өсгөх хүлээлттэй байна гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top