Эдийн засаг сэргэж буй ч бизнесийн зээлийн чанаргүйдэл өндөр хэвээр байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 30

Энэ оны нэгдүгээр улиралд банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байв. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар буюу 4.7 их наяд төгрөгөөр  нэмэгдлээ. Тухайлбал, Хаан банкны актив 18%-иар, Голомт банкны актив 16%-иар тус тус өсжээ. 

Банкны салбарын нийт эх үүсвэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.6 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Хаан банкны эх үүсвэр 1.6 их наяд, ХХБ-ны эх үүсвэр 1.2 их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Эдийн засгийн салбаруудын сэргэлт идэвхжиж буй ч бизнесийн зээлийн чанаргүйдэл өндөр хэвээр байгааг Монголын банкны холбооны тайланд дурджээ. 

Монгол Улсын хувьд банкны салбар нь эдийн засгийн салбаруудыг дэмжиж буй үндсэн салбар юм. Хэрэв цаашид гадаадын хөрөнгө оруулалт татаж бусад салбаруудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн “хөтөлгөө морьтой” болохгүй бол уул уурхайн салбар нь сэргэхээр эдийн засаг нь сэргэдэг, унахаар дагаад унадаг эдийн засгийн бүтэцтэй явсаар байх нь цаашид илүү их эрсдэлийг дагуулна гэдгийг тодотгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top