Төсвийн шинэчлэлийн дараагийн алхам нь татварын бодлогын суурь шинэчлэл байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 30

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар өнөөдөр  Сангийн яаманд очиж, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүлээлгэн өгсөн. 

Энэ үеэр  Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, төсвийн бодлого зөв байх нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, улмаар сайн засаглалыг бэхжүүлэхэд төсвийн шинэчлэлийн зорилго оршиж байна. Төсвийн шинэчлэлийн дараагийн алхам нь татварын бодлогын суурь шинэчлэл байх юм гэлээ.

Мөн УИХ-ын Төсвийн байнгын хороо ирэх 9 дүгээр  сарын 15-ны дотор багтаж хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх Улсын Их Хурлын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулна. Мөн “2022 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжилтийг хангахад хяналт тавин, хамтран ажиллаж байна. 

Тухайлбал, төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл хоорондоо зөрүүтэй байгааг засаж, залруулах, Төсвийн болон ерөнхий хяналтын сонсгол хийх цаг хугацааг батлагдсан хуулиудтай нийцүүлэн өөрчлөх саналыг Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ёстой.

Төрийн аудитын байгууллагаас сөрөг болон хязгаарлалттай дүгнэлт гарч, албан шаардлага хүргэгдсэн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцсон эсэх, албан шаардлагыг хэрхэн биелүүлсэн талаарх тайлагналт, төсвийн сахилга, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр хийж буй арга хэмжээний талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны чиглэлийн хэрэгжилтийг хангуулахаар  ажиллаж байна гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top