Монгол, Хятад, Оросын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болж байна 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 01

Монгол, Хятад, Орос гурван улсын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн 11 дэх удаагаа бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгын хүрээнд 2023 оны наймдугаар сарын 30-ны өдөр ӨМӨЗО-ны Эрээн хотын олон улсын хурал, үзэсгэлэнгийн танхимд эхэлж, гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.       

Есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах олон улсын үзэсгэлэн “Боломжоо хуваалцаж, хамтын хөгжлийг эрэлхийлж, хөгжил цэцэглэлтийг хамтдаа бүтээцгээе” уриан дор болж байна. Хятад, Монгол, Орос гурван орны Хил дамнасан тээврийн чадавхыг сайжруулах, Аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монгол-Хятадын ашигт малтмалын худалдаа солилцоо, Монгол, Хятад, Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл тэргүүтэй сэдвийн хүрээнд чуулга уулзалтын илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөв. 

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн арга хэмжээний нээлтийн арга хэмжээнд оролцож, эдийн засгийн төв коридор буюу Эрээн-ЗамынҮүд-Алтанбулаг-Хиагтын хурдны зам барих төслийн үр ашиг, ач холбогдол, төмөр замын өргөтгөл, сайжруулалтыг хэлсэн үгэндээ онцоллоо. 

Монгол, Хятад, Орос гурван улсын худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн нь 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл Эрээн хотноо зохион байгуулагдаж ирсэн. Энэ жилийнх 11 дэх удаагийнх. 

Тус арга хэмжээ нь цар тахлын нөлөөгөөр дөрвөн жил засварласны дараа ийнхүү өргөн цар хүрээнд болж байна. Монгол, Хятад, Орос гурван улсын худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэнд МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар “Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Олон улсын үзэсгэлэнд 500 гаруй павилон гарч байгаагаас 150-д нь Монгол Улсын 100 гаруй аж ахуйн нэгж өөрсдийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. Худалдаа, хөрөнгө оруулалтын форумд Монгол Улсаас албаны 100 гаруй төлөөлөл оролцлоо. 

Үзэсгэлэн нийт дөрвөн танхимд гарч байгаа бөгөөд Олон улсын онцлог бараа бүтээгдэхүүний танхим, Хятад улсын онцлог бараа бүтээгдэхүүний танхим, Нүүдэлчдийн соёлын танхим, Технологийн танхим хамарч буй. 

Монгол, Хятад, Орос гурван улсын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, БНХАУ-ын Олон Улсын Худалдааны Танхим, ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих Хороо, Эрээн Хотын Ардын Засгийн Ордон ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top