80 гаруй оронд зохион байгуулдаг “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа” улс орон даяар эхэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 01

Үндэсний Статистикийн Хороо нь “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-г улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байна. Судалгааны нийт 20 баг бүрэлдэхүүн 21 аймаг, есөн дүүргийн түүвэр судалгаанд сонгогдсон өрхөөс судалгаа авахаар өнөөдөр хөдөллөө. “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-нд улсын хэмжээнд 8000 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Судалгаа өнөөдрөөс буюу есдүгээр сарын 1-ээс эхлэн ирэх  арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал 70 хоногийн хугацаанд үргэлжлэх юм. 

Судалгааны хүрээнд нэг талаас иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах таатай орчин хангагдсан эсэх, нөгөө талаас амьдрах орчны нөхцөл байдлаас шалтгаалж, гэмт хэрэгт өртөх эрсдэл, хүний эрхийн зөрчил болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн итгэх итгэл ямар түвшинд байгааг судална. 

Тодруулбал, амьдрах орчны аюулгүй байдлыг тодорхойлохдоо эрүүл аюулгүй орчинд амьдарч чадаж байна уу, түгжрэлгүй замд зорчиж байна уу, ус хүлээн авч буй шугам хоолой аюулгүй юу, үер усны аюул тохиолдоход бэлэн байдал хангагдсан эсэх зэрэг иргэдийн амьдрах орчин нөхцөлийг судлах юм. 

Харин гэмт хэрэгт өртөх эрсдэлийг судлах хүрээнд хохирогчийн эрхийг хамгаалах, хохирлыг барагдуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нуугдмал гэмт хэргийг илрүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах юм. Түүнчлэн хууль хяналтын байгууллагад хандах иргэдийн хандлага, итгэх итгэл ямар түвшинд байгааг судална.  

Дэлхийн 80 гаруй оронд зохион байгуулдаг энэхүү судалгааны асуулгыг НҮБ-ын Гэмт хэрэг мансууруулах бодистой тэмцэх газар болон Европын эдийн засгийн комиссын хамтарсан судалгааны арга зүйгээр боловсруулсан. 

Олон улсын хэмжээнд тус судалгаагаар хүний эрх, түүний дотроос хохирогчийн эрхийн асуудлыг судалж, тухайн улсад хүний эрх хэр түвшинд хамгаалагдаж байгааг илтгэдгээрээ өндөр ач холбогдолтойд тооцогддог.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top