Католик шашны тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчлахаас өмнө олон улсын хэвлэлүүдэд цөөнгүй мэдээллүүд гарсны нэг нь наймдугаар сарын 25-нд thediplomat.com сайтад нийтлэгдсэн, Пап Францис яагаад Монголд айлчлал хийж байгаа вэ? гэсэн бичвэр байсан юм. Тухайн бичвэрт, эрүүл мэндийн байдал нь тийм ч сайнгүй байгаа Пап Францис хол замд, айлчлалд гарах болсон нь гурван үндсэн шалтгаантай гэж тодорхойлсон.
Нэг дэх шалтгаан, геополитикийн асуудал болохыг онцолсон. ОХУ-аас Украины эсрэг өдөөсөн дайн үргэлжилж, Хятад, Ватиканы яриа хэлэлцээ урагш муутай байгаа энэ үед Пап Францис Орос, Хятадын дунд оршдог Монголд айлчилж байгаа нь стратегийн агуулгатайг тодотгосон. Гэхдээ Пап Францисын Монголд хийх айлчлал нь пап ламын эв найрыг хүссэн хүсэлтээс удаа дараа татгалзаж байсан Орос, Хятадад нөлөөлнө гэсэн нотолгоо байхгүйг мөн дурдсан байсан. Өнгөрсөн жил Пап Францис, Ши Жинпин нар Казахстанд нэгэн зэрэг айлчлах үеэр Хятадын удирдагч Католик шашны тэргүүнтэй уулзахаас татгалзсаныг сануулсан юм.
Хоёр дахь шалтгаан нь, Монголын ард түмэн өөрсдөө буюу энэ улс орны өөрийн нөхцөл байдал гэж үзсэн байсан. ЗХУ задран унасны дараа бие даасан байдлаа сэргээж, ардчиллын замналаар замнаж, нийгэм, эдийн засгаа сэргээсэн ч гучин жилийн дараах өнөөдрийн нөхцөл байдлыг нь харахад, ардчилалд итгэх нийгмийн итгэл буурсан, уул уурхайн салбарын хэт хамаарал нь сөрөг үр дагаврууд дагуулсан, авлига газар авсан байна. Хоёр хөрш орны нөлөө их нөхцөлд авторитар дэглэм дахин гарч ирж магадгүй юм гэсэн байсан.
Гурав дахь шалтгаан нь, даян дэлхийн энх тайван, эрүүл саруул нийгэм, байгаль орчин, ядуусын төлөөх Католик шашны мөн чанар, өв уламжилсан зүтгэлтэй холбоотой болохыг дурдсан.
Монгол үндэстний Католик шашинтай холбогдсон түүх олон зуун жилийн өмнөөс эхтэй. Монгол Улс өнөөдөр ядуу орон биш. Ямар ч улс угаасаа ядуу байдаггүй. Ядуурал нь нийгмийн шийдвэрлэх шаардлагатай асуудлуудтай холбоотой. Монголын уул уурхайн нөөцөд хоёр хөршийн болон Австралийн конгломератуудын нөлөө их байсаар ирсэн. Олон арван жилийн эл “түрэмгийллийн” дараа тус улс Ази, Европын экосистемд нөлөөлж болзошгүй байгаль орчны хямралтай тулгарч байна гэхчлэн тодотгосон байсан.
Тэгэхээр thediplomat.com сайтын онцолсон дээрх үндсэн шалтгаанууд дунд Монгол Улсын авлигын нөхцөл байдлыг дурдсан байна.
Түүнчлэн Пап Францис 2023 оны есдүгээр сарын 2-ны өдөр буюу айлчлалынхаа хүрээнд олон нийтэд хандан хэлсэн үгэндээ ч, авлигын талаар санууллаа.
Тэрбээр “...Би олон шударга бус явдал хийгээд хэрэглэгчийн сэтгэлгээгээр хандаж байгаагаас болж буй өнөө цагийн аюул заналууд, өрөөл бусдыг үл хайхарч, ёс заншлыг үл тоож, хувиа хичээсэн аминч үзэлд хөтлөгдөж байгаад санаа зовниж байна.
Аливаа шашин шүтлэг дотоодын хагарал бутралгүй, өөрийн оюун санааны язгуур уламжлалаа хадгалж байсан цагт эрүүл, хөгжингүй нийгмийг бүтээн байгуулахад итгэж болох дэмжлэг болдог.
Ийм нийгэмд энх тайвнаар зэрэгцэн оршиж, төрийн бодлогын алсын хараа нь бүх нийтийн сайн сайхны төлөө илүү чиглэж байхын төлөө сүсэгтнүүд хичээн зүтгэдэг билээ.
Түүнчлэн шашин шүтлэг нь ямар ч хүний нийгмийн хөгжилд ноцтой аюул занал учруулдаг авлига хээл хахуулийн далд хөнөөлийн эсрэг хамгаалагч болж байдаг.
Авлига, хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, олноос зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас ангижран одохын цондон болдог юм.
Харин та бүхний өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг соён сургасан билээ. Тэд олон янзын үзэл бодол, ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж ирсэн” хэмээн бидний түүхийг бидэнд сануулсныг тодотгоё.
Сэтгэгдэл ( 1 )
АВИЛГА АВЛИГА АВИЛГА АВЛИГА