Саудын Арабын Хаант Улсын Засгийн Газрын гишүүн, Төрийн сайд Ханхүү Турки Би Мухаммад Аль-Саудыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзав.
Монгол Улс болон Саудын Арабын Хаант Улс хоорондын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх хүрээнд дараах асуудлын хүрээнд санал солилцов.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын COP16 дугаар бага хурал 2024 онд Саудын Арабын хаант Улсад болох ба уг хурлын бэлтгэл ажлын хэсэгт манай Улсын 1-2 албан хаагчийг ажиллуулах, мөн СОР16 дугаар хуралд Монгол Улс идэвхтэй оролцож, Улс орноо сурталчлах ажлыг хийхээр төлөвлөж буй тул уг хуралд томоохон хэмжээний павильон байршуулах боломжоор хангах;
Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Саудын Арабын Хаант Улсын “Арван тэрбум мод” санаачилгын хүрээнд хоёр орны ижил төстэй экосистем бүхий говь хээрийн бүсийг ногооруулах, ойжуулах, усалгааны системийн зохистой шийдэлд хамтран ажиллах;
Зэрлэг амьтдыг хамгаалах, тэдгээрийн тархац нутаг, нүүдэл шилжилтийн замыг байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн оновчтой шийдэлд хамтран ажиллах;
Аялал жуулчлалын чиглэлд туршлага солилцох, хамтран ажиллах;
Хоёр орны тусгай хамгаалалттай газрууд эгч дүү паркийн хамтын ажиллагааг эхлүүлэх хүсэлт тавьж, Дундговь аймагт байрлах Гурван сайхан хамгаалалтын захиргааг санал болгон Төрийн Сайд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд-д санамж бичгийн төслийг гардууллаа.
Уулзалтад Монголын талаас БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөх Н.Батхүү, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт нар оролцлоо.
Саудын Арабын Хаант Улсаас Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд, Элчин сайд Адбулрахман Ахмад Аль Харби, Ажлын албаны дарга Хамад Сулайман, Тусгай хамгаалалттай газрын дарга Алхариги Талал Абдулла , Альшаалан Мухаммед Абдулрахман, Ажлын албаны дарга Алмажед Мажед, Дипломат ажилтан Абу Сабир Яссир нар оролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )