Монгол-Хятадын Экспо” дөрөв дэх удаагаа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотноо эхэллээ. Хоёр улсын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн тус арга хэмжээ хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн. Энэ удаа цар тахлын дараа “Хөгжлийн шинэ хэв маягийг бий болгож, хөгжлийн шинэ боломжийг хуваалцъя” сэдвийн хүрээнд энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
“Монгол-Хятадын Экспо” дөрөв дэх удаагийн нэгдсэн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан нар оролцож байна. Экспо Хөх хотын “Цэлгэр тал” үзэсгэлэнгийн хотхонд зохион байгуулагдаж буй. Монгол-Хятадын худалдааны дөрөвдүгээр экспод 35 улсын төлөөлөл болон БНХАУ-ын 27 мужийн нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж байна.
Монгол Улсаас хүнс, арьс шир, ноос ноолуур, монгол дээл хувцас, гар урлал зэрэг үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 500 гаруй бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд “Монгол-Хятадын Экспо”-д оролцож, олон улсын түнштэй холбоо тогтоох, гэрээ хэлэлцээр үзэглэх, хамтын ажиллагаа эхлүүлэх, хөрөнгө оруулалт татах, худалдаа хийх юм.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Монгол-Хятадын Экспо” нь эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, уламжлалт анагаах ухаан, олон улсын стандартчилал, аялал жуулчлал, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар энэ өдрүүдэд хэлэлцэж, хоёр улсын бизнес эрхлэгчид төсөл, хөтөлбөрөө танилцуулах, харилцан мэдээлэл солилцох, туршлага хуваалцах, бизнесийн түншлэлийн шинэ боломжийг бий болгох өндөр ач холбогдолтой арга хэмжээ” хэмээн онцоллоо.
“Монгол-Хятадын Экспо”-д Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт тэргүүтэй төр засгийн төлөөлөл оролцож байна. Хоёр улсын хувьд худалдааны эргэлтээ 20 тэрбум ам.долларт хүргэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, зарим боомтуудыг төмөр замаар холбох ажлуудад илүү их анхаарч байгаа.
Сэтгэгдэл ( 0 )