Өнөөдөр /2023.09.08/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт ажиллахдаа, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах үеэрээ Засгийн газар бүтээн байгуулалтыг бүхий л талаар дэмжихээ илэрхийлээд Засгийн газрын хуралдаанаар үйлдвэрийн ЕРС-04 багцын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргана гэдгийг хэллээ.
Сануулахад, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн менежментийн зөвлөх “Инженерс индиа лимитэд” компанийн ерөнхий захирал Вартика Шукла өнгөрсөн сарын 17-нд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатартай уулзалт хийх үедээ, үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулах ЕРС-04 багц ажлыг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа тул парламентын зүгээс дэмжлэг хүсэж буйгаа илэрхийлж байсан.
Төслийн зардлын хэмжээ 2018 оны ТЭЗҮ-ээр тооцоолсон дүнгээс 30 хувиар буюу 457 сая ам.доллароор нэмэгдсэн. Энэтхэгийн Засгийн газар энэ санхүүжилтийг олгох боломжтой гэсэн байр суурийг илэрхийлсэн байгаа юм.
Тэгэхээр Засгийн газрын хуралдаанаар үйлдвэрийн ЕРС-04 багцын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргаснаар санхүүжилтийг зээлээр шийдвэрлэх алхмууд хийгдэх биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )