Чанаргүй зээлийн өрөнд шилжиж ирсэн  25 үл хөдлөх хөрөнгийг худалджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 12

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өрөнд шилжиж ирсэн 93 үл хөдлөх хөрөнгөөс энэ  сарын 10-ны өдрийн байдлаар 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 25 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулжээ. 

Хөгжлийн банк нь өөрийн цахим хуудсаар дамжуулан нээлттэй байдлаар худалдан борлуулах ажиллагаа явуулж буй тул  тус банкны өмчлөлд буй үлдсэн 68 үл хөдлөх хөрөнгийг сонирхсон иргэн, хуулийн этгээд цахим хуудсаар дамжуулан худалдан авах сонирхлоо илэрхийлэхээс гадна арилжааны банкны зээлээр худалдан авах боломжтой аж.

Худалдан борлуулах үнийн хувьд Хөгжлийн банк нь зээлийн төлбөрт тооцож авсан үнэ дээр зөвхөн худалдан борлуулах, эзэмшихтэй холбоотой гарсан зардлуудыг нэмж тогтоосон байна.

Шинэ Яармаг цогцолбор хорооллын B zone хэсгийн орон сууцны зориулалттай 7 блок, үйлчилгээний зориулалттай 3 блок болон авто зогсоолын зориулалттай 1 блок  буюу 80 хүртэлх хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд худалдан авах боломжтой бөгөөд уг төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжлийн банкны цахим хуудасны үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл цэсээс авч болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top