“Мах Импэкс” ХК Ази тив дэх ӨНДӨР СТАНДАРТЫН 4 ДЭХ ҮЙЛДВЭРИЙГ нээлээ

2023 оны 09 сарын 14


77 жилийн түүхт, Монгол Улсын хүнсний ууган үйлдвэр “Мах Импэкс” ХК хоногт 50 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрээ өчигдөр /2023.09.14/ нээлээ.

“Мах Импэкс” ХК нь 1946 онд “Боловсон Мах Комбинат” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Улмаар 1968-1972 онд тухайн үед БНАГУ-ын тусламжтайгаар хоёр дахь удаагаа томоохон шинэчлэл хийсэн байдаг.

Тэгвэл тус хамт олон 2023 онд үйлдвэрийнхээ цар хүрээ, чанар, стандартыг улам өргөжүүлж, дэлхийн жишигт нийцсэн цоо шинэ үйлдвэрээ ийнхүү ашиглалтад орууллаа.

Тус компани Австри улсын BERTSCH-Laska групп компанитай хамтран олон улсын чанар стандартад нийцэх НАССР үйлдвэрийн шинэ төслийг 2019 оноос  хэрэгжүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төсөл амжилттай хэрэгжиж, “Мах Импэкс” ХК-ийн удирдлагууд 98 жилийн түүхтэй BERTSCH-Laska компаниас шинэ үйлдвэрийн түлхүүрээ гардан авч байгаа нь энэ юм.


Шинэ үйлдвэрийн түлхүүр гардуулах ёслолд “BERTSCH Holding” группийн үүсгэн байгуулагч Hubert Bertsch, BERTSCH-Laska компанийн Гүйцэтгэх захирал Hubert Hackl болон УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин, Элчин сайдын яамдын төлөөлөл, “Мах Импекс” ХК-ийн харилцагч байгууллагуудын удирдлагууд, бусад хүндэт зочид оролцлоо.
 


 

МОНГОЛД АНХ УДАА ТҮҮХИЙ УТЛАГАТ САЛЯМИ, БЕКОН ШАРАХ ТӨХӨӨРӨМЖ НЭВТРҮҮЛЛЭЭ

“Мах Импэкс” ХК-ийн шинээр ашиглалтад оруулсан тус үйлдвэр нь орчин үеийн тоног төхөөрөмж бүхий, жишиг болсон Ази тивд нээгдсэн өндөр стандартын дөрөв дэх үйлдвэр болж байна.

Энэхүү үйлдвэр нь хоногт 50 тонн бүтээгдэхүүн буюу бүх төрлийн хиам, зайдас, салями, хагас боловсруулсан, утлагат бүтээгдэхүүн, банш, бууз, пицца, ази бэлэн хоол гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.
 


Мөн тус үйлдвэр Монголд анх удаа түүхий утлагат салями, беконыг шарах төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байна. Ингэснээр хэрэглэгч та бүхэн импортыг орлох мах, махан бүтээгдэхүүн, дэлхийн амтыг эх орондоо мэдэрч, дотоодоосоо худалдан авах боломж бүрдэж байна.

Шинэ үйлдвэрийн технологийн онцлог нь Герман улсад үйлдвэрлэсэн, дэлхийд тэргүүлэгч BASTRA брэндийн олон үйлдэлтэй /чаналга шарлага, утлага, жигнэлт/ бүхий камерууд, мөн чаналгын тогоонууд, түүхий утлагаар хатаасан мах, хиам үйлдвэрлэх өрөө, бүтэн болох хагас утлагат хиам үйлдвэрлэх зориулалтын дагуу хэм, чийгшил тохируулагч бүхий өрөөнүүдтэй. Энэхүү үйлдвэр нь ISO: 9001, ISO:22000, НАССР стандартыг мөрдөж ажиллах юм.
 

BERTSCH-Laska компанийн гүйцэтгэх захирал Hubert Hackl


"Бид үйлдвэрийн зүрхэнд байна. Бүх үйлдвэрлэлийн явцад ариун цэврийг дээд зэргээр хангасан байгаа. Ариун цэвэр бол түлхүүр гэсэн үг. Сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд ариун цэврийг маш сайн анхаарах хэрэгтэй.

Та бүхний харж байгаа эдгээр техникүүд маш өндөр хурд, хүчин чадалтай, сайн хэрчдэг машинууд байгаа. Нарийн хэрчилтийн үр дүнд бүтээгдэхүүний чанар дээшилж байгаа.
 


Энэ төслийг хэрэгжүүлж байхдаа 15-18 градустай байхаар зориулж хийсэн. Тэр нь юунд зориулсан бэ гэхээр бүтээгдэхүүнийг удаан хадгалахад маш чухал үр дүнтэй. Энэ тогоо руу түүхий эдийг хөлдүүгээр нь оруулж ирж болно. Ийш оруулж ирэх хүртэл түүхий эдийг дундын өрөөнүүдэд хадгална. Жишээ нь дараагийн бүтээгдэхүүнийг хийх болоход дараагийн түүхий эдээ оруулж ирж, дундын өрөөнүүдэд хадгална. Энэ үйлдвэрийн өөр нэг онцлог нь түүхий эдийг богино хугацаанд богино замаар явуулахад зориулсан байгаа. Бүтээгдэхүүнийг савлах хүртэл богино замыг туулахыг зорьсон. Тэр нь амт, чанарын баталгаа өгч байгаа юм. Энэ бүгдийг уг үйлдвэрт зориулж хийсэн" гэлээ.
 

ДЭД САЙД М.ГАНХҮЛЭГ: ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ГААЛИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛСӨН

"Өнөөдөр 1946 оноос хойш 80 гаруй жилийн хугацаанд Монголын хүн амыг эрүүл, чанартай хүнсээр хангаж ирсэн “Мах Импекс” хувьцаат компанийн маань хамт олон шинэ үйлдвэрээ нээсэн нь салбарын хувьд сайхан үйлд явдал болж байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбар хүнсний хувьсгалын томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа.
 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 36 дугаар тогтоол батлагдаж, бид 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоо үйлдвэрлэхийг зорилт болгон ажиллаж байна.

Үүнд бол хүнсний боловсруулах үйлдвэр багтаж байгаа. Бид бүхэн салбарын хүнсний үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх зорилгоор нэгдүгээрт орж ирүүлж байгаа тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийг босгох шаардлагатай байгаа түүхий эд материал, тоног төхөөрөмжийг гаалийн албан татварыг таван жилийн хугацаатай тэглэсэн. Мөн арилжааны 10 банктай хамтарч энэ жил бизнесийн болон эргэлтийн хөрөнгө оруулалтын зээлүүдийг олгоод явж байна. Одоо ойролцоогоор 350 гаруй компанид 277 орчим тэрбум төгрөгийн зээл гараад байна. Цаашдаа энэ нь таван жилийн хугацаанд үргэлжилнэ.

Тэгэхээр хүнсний үйлдвэрлэлийн салбар өнөөдрийнхтэй адил өргөн хүрээнд ажиллах боломж бүрдэнэ. Манай мах, махан бүтээгдэхүүний салбар улсын хэмжээнд жилдээ 530 мянга орчим тонн мах бэлтгэж байна. Үүнийхээ 26-27 хувийг нь нь үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа. Тэгэхээр 2025 оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд бид 100 хувь үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн хэрэглэсэн зорилт тавьсан. Үүнд томоохон үйлдвэрлэгчид маань өнөөдөр манлайлал үзүүлээд ажиллаж байгаа нь сайхан үйл явдал болж байна. Цаашдаа шат шатандаа олон улсын стандартад нийцсэн хүнсний үйлдвэрүүд үүд хаалгаа нээх эхлэл гэж бид харж байна" гэв.
 


“Хиам консервийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бадмаа:

"Манай үйлдвэр ашиглалтад орсноор 41 тонн боловсруулсан бүтээгдэхүүн, 10 тонн хагас боловсруулсан бүтээгдэхүүн, нийтдээ 50 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болж байна.

Нийт дотоодын зах зээлд өдөрт 37 орчим тонн боловсруулсан бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр дээрх хүчин чадлаар дотоодын зах зээлийг хангахаас гадна экспортод зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаараа онцлогтой.

“Мах Импэкс” хувьцаат компанийн үйлдвэрлэдэг байсан үндсэн бүтээгдэхүүнүүдээс гадна шинээр түүхий утлагат буюу хатаасан бүтээгдэхүүнийг бэлдэж эхэлсэн. Энэ нь салями төрлийн хиамнууд, гахайн махыг төрөл бүрээр утаж боловсруулсан бүтээгдэхүүн юм.

Бидний мөрөөдөл, зорилго бол 100 гр-аар буюу маш жижгээр савласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх байсан. Хэдий энэ маань бидний мөрөөдөл байсан ч үйлдвэр маань олон улсын стандартад нийцсэн, бидний харж байгаагаар Ойрх Дорнодын улс орнууд болон зэргэлдээх хөрш орнуудын хүнсний зах зээлд Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүн, тэр дундаа “Мах Импекс”-ийн бүтээгдэхүүн тун удахгүй байршина гэдэгт итгэлтэй байгаа. Олон улсын түншүүд маань, консалтинг хийж байгаа хамтрагчид маань энэ талаар зөвлөлдөж франчайзинг хийх талаар ярилцаж байна. Мөн бүтээгдэхүүнээ Солонгос, Хятадын зах зээлд гаргах гэж байна.
 


Бид ажлын байрыг 35 хувиар нэмж, одоогоор 420 гаруй ажилтантай болсон байна. Ер нь бол үйлдвэрийн хүчин чадал нь нэмэгдэж байгаатай уялдаад ажиллах хүчин нэмэгдэнэ. Гэхдээ шинэ үйлдвэр маань харьцангуй бүрэн автомат, хүний оролцоог багасгахыг чухалчилсан байгаа.

“Мах Импэкс” хувьцаат компани 77 жилийн түүхтэй, үндэсний ууган үйлдвэр. Мал бэлтгэлийн ажлыг жил бүрийн долоодугаар сарын 15-аас арванхоёрдугаар сарын 15-ны хооронд явуулдаг. Өөрийн төхөөрөх үйлдвэртээ төхөөрсөн махыг ашигладгаараа онцлогтой. Бидний бэлдэж байгаа мах, махан бүтээгдэхүүнүүд бүгд үхэр, хонь, ямааны махыг үйлдвэрийн аргаар бэлтгэдэг. Яг одоо бид Ойрх Дорнодын улсууд, Исламын бүгд найрамдах Иран улс руу экспортоо эхлүүлчихсэн, хонины мах төхөөрөх үйл ажиллагааг явуулж байна. Зэрэгцээд БНХАУ-руу адууны махны экспортыг эхлүүлсэн учраас адууны мах төхөөрөх үйл ажиллагаа явагдаж байна. “Мах Импэкс” хувьцаат компанийн хувьд дотоодын зах зээлээс малчидтай илүү хамтарч ажиллаж, нийт малчдаасаа эрүүл бүсээс нь мал эмнэлгийн хяналтай малыг авч үйлдвэртээ ашигладаг" гэлээ.
 

 

Top