Хятадын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комисс /CIETAC/-оос БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулсан “Хятадын арбитрын долоо хоног” арга хэмжээнд Монголын Олон Улсын Арбитр дэмжигч байгууллагаар оролцлоо. Тус арга хэмжээнд дэлхийн 20 гаруй орны 500 орчим зочид төлөөлөгчид чуулж, Монголын Олон Улсын Арбитр болон Хятадын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комисс /CIETAC/ хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.
"Хятадын Арбитрын долоо хоног" нэгдсэн арга хэмжээнд Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, Арбитрч Т.Мэндсайхан, Хуулийн мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ нар оролцсон бөгөөд Хятадын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комиссын удирдлагуудтай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Талууд санамж бичгийн хүрээнд дараах ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов:
Талууд тус тусын арбитрчдын жагсаалт дахь арбитрчдаас зохих туршлага бүхий шаардлага хангасан арбитрчийг харилцан арбитрчдын жагсаалтдаа оруулах, мөн түүнчлэн аль нэг талын хүсэлтээр шаардлага хангасан арбитрчийг хүсэлт тавьсан тодорхой хэрэг маргаанд томилохыг санал болгох;
Шаардлагатай тохиолдолд аль нэг талын хүсэлтээр арбитрын хуралдаан, ажиллагаа болох газраас хамааран нөгөө талын заал, танхимын харилцан тохиролцож ашиглах боломжоор хангах;
Арилжааны арбитр болон бусад шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх талаар мэдээлэл харилцан солилцох, тус тусын байгууллагаас эрхлэн гаргасан ном хэвлэлийг солилцох;
Талууд сургалт, судалгааны чиглэлээр харилцан тохиролцож хамтран ажиллах;
Мөн “Бүс ба зам санаачилгын арбитрын байгууллагуудын гуравдугаар форум”-ын үеэр арбитрын журмаар маргаан хянан шийдвэрлэхдээ харилцан хууль хэрэглээний мэдлэг, мэдээллээ солилцох тухай санамж бичигт “Бүс ба зам” санаачилгын гишүүн байгууллагуудын хамтаар нэгдэн орлоо.
Энэхүү санамж бичгийн хүрээнд арбитрын маргааны талууд хэрэг хянан шийдвэрлүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжоос өөр орны хуулийг ашиглана гэж заасан тохиолдолд арбитрын байгууллагууд энэ талаар цаг алдалгүй харилцаж, тухайн орны арбитрын байгууллагаас хэрэглэх хуулийн талаар мэдээлэл, лавлагаа, дүгнэлт авахаар харилцан тохиролцов.
Сэтгэгдэл ( 0 )