Валютын нөөц бүрдүүлдэг дэлхийн шилдэг жишгийг Монголд нэвтрүүлэх талаар ярилцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 24

Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал энэ сарын 13-ны өдөр болжээ. Хурлаар Монголбанкны Дотоод аудитын газар (ДАГ)-ын үйл ажиллагаа, эрх зүйн шинэчлэл, гадаад валютын улсын нөөцийн удирдлага, үр дүн болон эрсдэл, олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дэмжих талаарх Монголбанкны хүчин чармайлт зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох газар, хэлтсийн мэдээлэл тайланг сонсож, МБХЗ дүгнэлт өгч тодорхой шийдвэр гаргажээ.

ДАГ-аас 2023 оны эхний хагас жилд Монголбанкны төвийн 6 газар хэлтэс, орон нутгийн бүтцийн 6 нэгжид хийсэн тайлангаас үзэхэд дотоод аудит, хяналтын үр нөлөө, чанарын талаар зарим ахиц гарчээ.

ДАГ-т түүний зохион байгуулсан санал асуулга, сурталчилгааны аяны дүнг нэгтгэн банкны газар, хэлтэс бүрээр эрсдэлийг тогтоон  танилцуулахыг зөвлөмж болголоо. Мөн шалгалт, санал асуулгын дүнгээр гарсан ажлын цагийг урагшлуулах, цахимжуулалт, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, шилэн дансны зарим зүйл ангийн ил тод байдлыг нэмэгдүүлэх талаарх нийт ажилтнуудын санал, санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Мөн Олон улсын мэргэжлийн үнэмлэх-сертификат бүхий Монголын аудиторын цалин урамшуулал, эрх зүйн байдлыг хуульчлан баталгаажуулах нь чухал болохыг Хяналтын зөвлөлийн гишүүд анхааруулжээ.

Гадаад валютын улсын нөөцийн удирдлага, эрсдэлийн хувьд олон улсын нэн ээдрээтэй байдал, ялангуяа эрх ашгийн хүрээний төлөөх тэмцэл, геополитикийн өөрчлөлт, трендийг зөв оншилж, томоохон орнуудын мөнгө, сангийн бодлого, шийдвэр, төлвийг судалсны үндсэн дээр валютын нөөцийн хөрөнгө оруулалтын бодлого, эрсдэлийг өөрсдийн онцлогт нийцүүлэн тодорхойлж байна хэмээн ойлголцжээ.

АНУ-ын бодлогын хүү 5.5 хувь болж, Засгийн газрынхаа дунд, урт хугацаанд бондын хүүнээс давсан хийгээд Хятад тэргүүтэй Азийн зарим орнууд эсрэгээрээ хүүгээ бууруулж, нийлүүлэлтийг онилсон бодлого явуулж байгаа зэргийг харилцан ярилцжээ.

Хятадтай байгуулсан валют солилцооны своп хэлцлийн хугацааг сунгахдаа хүүний хэмжээг тодорхой хэмжээгээр бууруулсан, мөн гадаад валютын улсын нөөцийн үр өгөөж зах зээлээ дагаж нэмэгдсэн, Монголбанкны холбогдох ажилтнуудын хувь нэмэр оролцоо их, эрсдлийн удирдлага сайн байгааг Хяналтын зөвлөл сайшаан тэмдэглэсэн байна.

Валютын нөөцийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тогтоосон хэмжээнд хүргэх, үүний тулд байнга валют  худалдан авч байх, чингэхдээ зөвхөн Монголбанк  мөнгө гаргаж, нийлүүлэх замаар валютын нөөц бүрдүүлэхийн зэрэгцээ дотоод хуримтлал, сангийн мөнгө хөрөнгийг ашиглаж, валютын нөөц бүрдүүлдэг дэлхийн шилдэг жишгийг Монголд нэвтрүүлэх талаар Сангийн яам, Засгийн газартай хамтрах эхлэл тавих шаардлагатай, мэдээллийн нэгдсэн сантай болох ингэснээр цахим талбар дээр Монголбанк валютын урсгалын хэдийг бүртгэж чадаж байгааг, тэрчлэн Монгол Улсын валютын арилжааны хуулийн хэрэгжилтийг харах боломж бүрдэнэ  гэдгийг онцлон дурджээ.

Эцэст нь Монголбанкнаас “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хийсэн ажлын үр дүн, цаашдын зорилгын талаарх мэдээлэл сонссон байна.

Тус хөтөлбөрийг 2016-2021 оны хооронд хэрэгжүүлж ажилласан бөгөөд энэ хугацаанд ЕБС-ийн ахлах ангид сонгон судлах “Бизнес судлал” хичээл оруулах, улсын болон хувийн их дээд сургуулиудад “Хувь хүний санхүү” 3 кредит хичээл оруулах, "Дэлхийн мөнгөний долоо хоног", "Дэлхийн хуримтлалын долоо хоног" зэрэг арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулах, гарын авлага гаргаж цахим хуудас буюу www.sankhuugiinbolovsrol.mn ажиллуулж, судалгаа хийж ажилласан байна. 2022 онд хийсэн судалгаанаас харахад иргэдийн хадгаламжийн хэмжээ 2016 оноос 2021 оны хооронд 7.3 их наядаас 16.7 их наяд төгрөг болон нэмэгдсэн, үнэт цаасны данс шинээр нээсэн харилцагчийн тоо нийтдээ өсөх төлөв гарчээ.

Мөн  даатгуулагч иргэдийн тоо 2016 оноос 2021 оны хооронд нэмэгдсэн ба 2016 онд 427,945 даатгуулагч байсан бол 2021 онд 1,008, 606 болж өссөн дүн гарчээ. Мөн 2016 оноос 2021 оны хооронд иргэдийн чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ буурсан гэсэн тоон үзүүлэлт судалгаагаар гарсан байна.

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо, арилжааны банкнууд болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран  санхүүгийн гэмт хэрэг, зөрчлийг багасгах зорилгоор тусгай хөтөлбөрт аянуудыг зохион байгуулж ирсэн боловч эцсийн үр дүн харагдахгүй байгаад шүүмжлэлтэй ханджээ.

Хяналтын зөвлөлийн гишүүдийн зүгээс хэлэлцсэн асуудалтай холбогдуулан цаашид хамтран ажиллах, ялангуяа цахим орчинд санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд зориулан нийт иргэдийн дунд, түүний дотроос өсвөр үеийнхэн, залуучууд, дундаж насныханы боловсролыг дээшлүүлэх судалгааг хамтран хийх санал тавьжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top