Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/-ээс зохион байгуулсан “Санхүүгийн тогтвортой, хүртээмжтэй хөгжил, цэцэглэлтийн төлөө-2023” дэлхийн бодлогын форум Филиппин Улсад энэ сарын 12-15-ны өдрүүдэд болсон. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ үеэр Монгол Улс тэр дундаа Санхүүгийн зохицуулах хорооноос хүртээмжтэй, ногоон санхүүгийн салбарыг хөгжүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, санал санаачилга, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ногоон санхүүжилт авахад тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, туршлага, цаашдын хөгжлийн талаар танилцуулахад хуралд оролцогчид эдгээр туршлага, арга замаас судлах, хамтран ажиллахаа илэрхийлж байсан. Энэ хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Төв банк (Nepal Rastra Bank)-ны төлөөлөгчид манай улсад ирээд байна. Тодруулбал Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн мэргэжилтэн Жанет Мойлинг болон тус банкны Банк, санхүүгийн байгууллагуудын зохицуулалтын газрын дарга Сатендра Тимилсинанаар ахлуулсан баг Санхүүгийн зохицуулах хорооноос хүртээмжтэй, ногоон санхүүжилтийг хөгжүүлэх хүрээнд хийсэн ажлуудтай танилцаж, туршлага судлахаар ирсэн юм.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзсан бөгөөд тэрбээр “Санхүүгийн зохицуулах хороо ногоон санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, бодлогын орчныг боловсронгуй болгох, зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, ногоон хөрөнгө оруулалтын оролцоог тэлэх, нээлттэй болгох бодлого боловсруулахад онцгой анхаарч ажиллаж байна.
Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн хүрээнд болон хүртээмжтэй, ногоон санхүүгийн салбарыг хөгжүүлэх зорилгоор биржийн болон биржийн бус зах зээл дээр ногоон бонд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Мөн “Байгаль орчин нийгэм, засаглал (БОНЗ), Тогтвортой байдлын тайлагналын удирдамж”-ийг гаргаж, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлагын журамд “ногоон даатгал”-ыг тодорхойлж, даатгалын компаниуд энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах эрхзүйн орчныг бүрдүүллээ. Түүнчлэн “Банк бус санхүүгийн байгууллагуудад зориулсан байгаль орчин, нийгмийн хүчин зүйлтэй холбоотой эрсдэлийн удирдлагын журам боловсруулах үлгэрчилсэн заавар”-ыг баталсан. Ингэснээр байгаль орчин, нийгмийн эрсдлэлээс үүсэх аливаа эрсдэлийг бууруулах, холбогдох стандарт аргачлалыг байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдсөнөөр олон төрлийн боломжуудыг нээж, боломжит ногоон эх үүсвэр, хөрөнгө оруулалтын гарцыг өргөжүүлэх ач холбогдолтой” гэдгийг онцлон дурдлаа.
Мөн “Ногоон зээл, ногоон бонд гаргах хүсэлтэй боловч барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг дунд үйлдвэр эрхлэгч манай улсад цөөнгүй тул бид цаашид тогтвортой, ногоон санхүүжилтийг дэмжих зорилгоор ногоон зээл, ногоон бонд зэрэг бүтээгдэхүүнүүдэд батлан даалт гаргуулахаар дотоодын болон гадаадын батлан даалтын сангуудтай хамтарч ажиллаж байна” гэсэн юм.
Түүнчлэн төлөөлөгчид хөрөнгийн зах зээл, банк бус санхүү, даатгал, хадгаламж зээлийн хоршооны салбарын үйл ажиллагаа тэр дундаа хүртээмжтэй, ногоон санхүүгийн салбарыг хөгжүүлэх хүрээнд хийсэн онцлох ажлуудтай танилцсан юм.
Мөн Монголын тогтвортой санхүүгийн холбооноос Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтэц бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд хэрхэн ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Сэтгэгдэл ( 0 )