МӨНГӨНИЙ БОДЛОГО: Төв банкны хараат бус байдал болон төсвийн сахилга батыг бэхжүүлэх талаар тусгажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 27

Төв банк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. 

Ирэх оны мөнгөний бодлого нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ гэж Төв банк үзэж байна. 

Монгол Улсын эдийн засаг цар тахал, олон улсын геополитикийн зөрчилдөөнөөс үүдэлтэй бэрхшээлийг даван туулж байгаа боловч цаашид гадаад эдийн засгийн орчинд тодорхой бус байдал буурахгүй, гэнэтийн хэлбэлзэл өндөр байх төлөвтэй байна. 

Иймд Монгол Улс эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлогыг цаашид тууштай үргэлжлүүлэх, энэ хүрээнд инфляцыг дунд хугацаанд 6+/-2 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлд инфляцыг тогтворжуулах замаар дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлэх, ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг хөгжүүлэх, хил дамнасан худалдааны цахим төлбөр, тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжих зэрэгт төвлөрч ажиллахаар тусгажээ.

Инфляцын зорилтыг хангахад чухал нөлөөтэй эдийн засгийн болон институцийн суурь хүчин зүйлс болох Төв банкны хараат бус байдал болон төсвийн сахилга батыг бэхжүүлэх, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзэл болон урсгал дансны алдагдлыг бууруулах чиглэлээр төрийн байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлж, хамтран ажиллахаар төсөлд тусгасан болно.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу УИХ-аас жил бүр Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн баталдаг болсон. Иймд энэ удаагийн үндсэн чиглэлийн төслийг Монголбанк хуульд заасан өөрийн үндсэн зорилт, чиг үүргийн хүрээнд тодорхойлж, боловсруулжээ.

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулан саналыг авч, Монголбанкны Мөнгөний бодлогын хороогоор хэлэлцүүлэн, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд танилцуулж, Засгийн газарт хүргүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.217.100) 2023 оны 09 сарын 27

Хамгийн дампуу газар. Энд ямар бодлого боловсруулдаг юм бэ, монгол улсын мөнгөн хөрөнгийг самрах, шамшигдуулах бодлого л явдаг байх

0  |  0
Top