Шинээр оруулж ирсэн автобуснуудыг Сүхбаатарын талбайд танилцуулж байна

2023 оны 09 сарын 30

Шинээр оруулж ирсэн автобуснуудыг Сүхбаатарын талбайд иргэдэд танилцуулж, холбогдох албаныхан мэдээлэл өгч байна. Шинэ ногоон автобуснууд нь БНСУ-ын “Daewoo” компанийнх бөгөөд тус компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэртэй. Манайд оруулж ирсэн нь “Daewoo” компанийн Вьетнамд угсралт хийсэн автобус гэдгийг албаныхан хэлж байлаа. Мөн Нийслэлийн Нийтийн тээврийн газраас захиалагчийн хяналтыг тогтмол тавьж, автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж, Ажлын хэсэг ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:

-Шинэ автобуснуудыг иргэдэд танилцуулж байна. 30 жил болсон автобус ингэж харагдахгүй шүү дээ. Арлын дугаарын тухайд тоо, үсэг тодорхой хязгаартай тул 30 жил тутамд давтагддаг. Нарийн, тусгай мэргэжлийн хүмүүс болон холбогдох байгууллагынхан үүнийг шалгана. Бид шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлнэ. Сүхбаатарын талбайд цөөхөн автобус тавьсан гэж байна. Шаардлагатай бол автобус бааз дээр очоод үзэж болно. Бид эдгээр автобусыг ирэх долоо хоногоос үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн боловч үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор энэ хугацаа хойшилж байна. Автобуснуудыг хотын захаар явуулахаар төлөвлөсөн байсан. Энэ жил 700 автобус ашиглалтаас гарч, оронд нь 800 автобус шинээр авч, үйлчилгээнд гаргана. 2024 онд мөн ашиглалтаас гарах автобусны оронд шинээр автобус авна. Үндсэндээ нийтийн тээвэрт 100 хувь парк шинэчлэл хийнэ гэж ойлгох хэрэгтэй гэлээ.

Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй бөгөөд үйлчилгээнд явж байгаа автобуснуудын 60 гаруй хувийнх нь насжилт хэтрээд байсан юм. Энэ хэрээр сүүлийн үед автобус шатсан тохиолдол олон гарч, нэг жилийн хугацаанд л гэхэд 17 автобус шатжээ. Иймээс парк шинэчлэлийг хийж, нийт 1225 автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөж, эхний ээлжийн 400 гаруй автобус орж ирээд байгаа билээ.

III, IV хороолол-Улаанхуаран чиглэлд үйлчилгээнд явдаг “Тэнүүн-Огоо” ХХК-ийн жолооч Б.Мөнхбаатар:

-“Daewoo” компанийн хуучин автобусыг би өнгөрсөн тавдугаар сар хүртэл унасан. Ашиглалтын хугацаанаас нь 2-3 жил хэтрүүлэн ашиглаж, тавдугаар сард тус автобусыг үйлчилгээнээс хассан гэсэн  үг. Шинэ автобуснууд хуучин автобуснаас 10 гаруй үзүүлэлтээр илүү байна. Тухайлбал, өмнөх автобусанд агааржуулагч байгаагүй. Харин шинэ нь суудал бүрийн дээр агааржуулагчтай, суудал нь хатуу зөөлөвчтэй, жолоочийн суудал нь амаржинтай, халаалттай. Гэрлийн тусгал нь сайжирсан. Дотор гэрэлтүүлэг олон болсон. Хянах самбар боловсронгуй болж, тосол багасахад сигнал өгнө. Механик ажиллагаа багассан гэв.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер Э.Бат-Оргил:

-Хуучин автобус гурван паартай байсан бол шинэ нь таван паартай. Хуучин автобус харахад л илт шүү дээ. Энэ бол шинэ автобус. Суудал бүрийн дээр агааржуулагчтай. Дулаалгын тусгай материал ашигласан, гэрэл нь лед. Мөн дөрвөн дэлгэц, утасны USB холбогчтой, цонх нь цантдаггүй. Манайх техникийн нөхцөлөө өгч хүлээж авч байгаа учраас хуучин автобус гэдэг бол ташаа мэдээлэл. Тоног төхөөрөмж, мотор гээд бүх зүйл нь шинэ. “Евро 5” дизель хөдөлгүүртэй, утаа бага ялгаруулах төхөөрөмж суурилуулсан.

Арлын дугаар 30 жилийн өмнөх гэдэг мэдээлэл худлаа. Хүн бүр хардах эрхтэй. Гэхдээ тэр сайтад өөрийнхөө машины мэдээллийг хийгээд, үнэн, зөв гарч байгаа эсэхийг шалгаад үзээрэй хэмээн ярилаа.

Шинэ ногоон автобуснуудыг Улсын комисс хүлээж аваагүй бөгөөд техникийн эрдэмтэн, багш нарыг оролцуулсан давхар Ажлын хэсэг ажиллах шийдвэр гараад буй юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top