“Mining week-2023” уул уурхайн салбарын нэгдсэн арга хэмжээ ирэх 7 хоногт буюу энэ сарын 9-13-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болно.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулж буй уг чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэх юм. Чуулга уулзалтын онцлох зочноор “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Р.Фрийдланд уригдсан бөгөөд тэрбээр арга хэмжээний эхний өдрийн онцлох илтгэлийг тавина.
Түүний хувьд Оюутолгой тэргүүтэй дэлхийд тэргүүлэх зэсийн том ордуудыг нээн илрүүлсэн билээ.
Түүнчлэн энэ удаагийн чуулга уулзалтад Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, ИБУИНХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, ӨАБНУ, Арабын нэгдсэн Эмират улс, Франц, Испани, Пакистан зэрэг 20 орчим улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирэхээс гадна дотоодын аж ахуйн нэгж байгууллагын 3000 гаруй төлөөлөл оролцохоор эхний хоёр өдрийн арга хэмжээнд бүртгүүлжээ. Уг арга хэмжээ таван өдрийн турш үргэлжлэх бөгөөд сүүлийн гурван өдрийн /2023.09.11-13/ бүртгэл явагдаж байна.
Арга хэмжээний үр дүнд салбарын өрсөлдөх чадварыг тодорхойлох, дэлхий нийтийн чиг хандлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоог хангах, хөрөнгө оруулалтын таатай орчныг сэргээх, хууль, эрх зүйн шинэчлэлийг хурдасгах гээд салбарт тулгамдаж буй олон асуудлыг шат шатны байгууллагын оролцоотой нээлттэй хэлэлцэж, цаашдын чиглэлээ тодорхойлох юм.
ХАРИУЦЛАГАТАЙ, ИЛ ТОД УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЭХ зорилгын дор нэгдэж буй тус чуулганд эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид та бүхнийг урьж байна.
Эхний хоёр өдрийн бүртгэл дууссан тул та бусад өдрүүдийн хуралд амжиж https://miningweek.mn/ вебсайтаар орж бүртгүүлээрэй.
Сэтгэгдэл ( 0 )