Түүхэнд анх удаа сансрын хогны төлөө торгууль ногдуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 04

АНУ-ын Засгийн газар түүхэнд анх удаа хиймэл дагуулын компанид сансарт хог тарьсны төлөө торгууль ногдуулжээ. Холбооны харилцаа холбооны комисс (FCC) ашиглалтаас гарсан хиймэл дагуулаа дэлхийн тойрог замаас гаргаагүй “Dish Network” компанид 150 мянган ам.долларын торгууль ногдуулсан байна.

Тус компани өөрийн хариуцлагаа хүлээн зөвшөөрч, тогтсон дүрмийн дагуу алдаагаа засах төлөвлөгөөг Холбооны харилцаа холбооны комисстой зөвшилцсөн байна. Холбооны комиссын мэдэгдсэнээр, тус компанийн “EchoStar-7” хиймэл дагуул нь тухайн өндөрт дэлхийг тойрон эргэлдэж буй бусад хиймэл дагуулд аюул учруулж байна. Хиймэл дагуулыг 2002 онд геостационар буюу тогтмол тойрог замд оруулжээ. Эл тойрог зам нь дэлхийн экваторын бүсээс 36 км зайд байрладаг ба эл тойрог дахь хиймэл дагуул зэрэг сансрын аппаратууд дэлхийн эргэх хурдтай ижил хурдаар эргэлддэг буюу тэнгэрт хөдөлгөөнгүй мэт байрладаг байна. 2022 онд хиймэл дагуулын ашиглалтын хугацаа дууссаны дараа “Dish Network” компани 300 км дээшлүүлэх ёстой байсан ч дөнгөж 120 км өндөрт гаргах явцад түлш нь дуусжээ. Оногдуулсан торгуулийн хэмжээ 2022 онд 16.7 тэрбум ам.долларын ашигтай ажилласан тус компани ноцтой хохирол учруулахгүй аж. 

1957 онд сансрын уудмыг эзэмших эрин үе гараанаас гарснаас хойш дэлхий орчмын тойрог замд нийт 10 мянга гаруй хиймэл дагуул гаргажээ. Эдгээрийн тэн хагас нь өдгөө ашиглалтаас гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top