Үндэсний Статистикийн Хороо нь Статистикийн тухай хуульд заасны дагуу “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн амын сантай хамтран гурав дахь удаа зохион байгуулж байна. Судалгааны мэдээлэл цуглуулалт 2023 оны аравдугаар сарын 4-нөөс арванхоёрдугаар сарын 31 хүртэл улс, орон даяар үргэлжилнэ.
Энэ удаагийн судалгаанд улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийт 13 850 өрх хамрагдах юм. Тодруулбал Улаанбаатар хотоос 3400 өрх, Төвийн бүсээс 2800 өрх, Хангайн бүсээс 3025 өрх, Зүүн бүсээс 2100 өрх, Баруун бүсээс 2525 өрхийг хамруулна.
Судалгаагаар Монгол Улсын хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, хөгжил, хамгааллын үзүүлэлтүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн мэдээллийн технологийн хэрэглээ, түүний ур чадвар, нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХДХВ-ийн талаарх мэдлэг, хүн амын сайжруулсан ундны ус, ариун цэврийн байгууламжийн хэрэглээний хүрээнд мэдээлэл цуглуулна. Мөн өрхийн ундны усанд гэдэсний савханцар (Е.коли) илрүүлэх шинжилгээ, өрхийн эрчим хүчний хэрэглээ зэрэг өрх, хүн амын амьдралын нөхцөл байдал, эрхийн хэрэгжилтийг хэмжих 270 гаруй үзүүлэлт тооцох мэдээлэл цуглуулах юм. Ингэснээр Тогтвортой Хөгжлийн Зорилтын шалгуур үзүүлэлтүүдийг тооцоход чухал ач холбогдолтой.
Мөн хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, үйлдлийн чадварын алдагдал, сурах суурь чадвар, сэтгэл зүйн байдал, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн согтууруулах ундаа, тамхины хэрэглээ болон бэлгийн харилцааны төлөвшил зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг уялдуулан судална.
Улмаар бодлого хөтөлбөр боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтэн, судлаачдад гүнзгийрүүлсэн дүн шинжилгээ хийх боломж олгох ач холбогдолтой.
Сэтгэгдэл ( 0 )