УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжсэн.
Энэ үеэр төлбөрийн тэнцлийн талаар Төв банкны ерөнхийлөгч хэлэхдээ, Энэ оны эхнээс экспортын эрч хадгалагдаж манай улс валютын цэвэр орох урсгалтай байжээ. Гадаад валютын албан нөөц наймдугаар сарын эцсийн байдлаар 3.9 тэрбум ам.доллар, өнөөдрийн байдлаар 4.1 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 20 сарын хамгийн өндөр үзүүлэлт. Экспорт сайн байгаа хэдий ч эрдэс, түүхий эд, бүтээгдэхүүний үнэ буурах хандлагатай байгаагийн зэрэгцээ төсвийн өндөр зардал импортыг өдөөж, валютын гарах урсгалыг эрчимжүүлж байгаа нь төлбөрийн тэнцлийн нөхцөлийг муутгах эрсдэл үүсгээд байгааг хэллээ.
Нэн тэргүүнд улсын санхүүгийн нөөц, чадавхыг хамгаалахад онцгойлон анхаарсан хатуу төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, аливаа хөгжлийн бодлогыг гадаад эх үүсвэрт тулгуурлан дотоодын санхүүгийн чадавхтай нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж.
Энэ жилээс Улсын Их Хурал жил бүрийн Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг холбогдох байгууллагуудаас санал авч, нэгтгэн баталдаг болсонтой холбоотойгоор энэ удаагийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг Монголбанк хуульд заасан өөрийн үндсэн зорилт, чиг үүргийн хүрээнд тодорхойлон боловсруулсан гэлээ.
Инфляцын зорилтыг хангахад эдийн засгийн суурь хүчин зүйлс, Төв банкны хараат бус байдал, төсвийн сахилга бат, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзлийг багасгах, дэд бүтэц, логистикийн нөхцөл байдал ихээхэн нөлөөтэй гээд “Иймээс Монголбанк инфляцыг онилох мөнгөний бодлогыг тогтолцоог хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь дэд бүтцийг бий болгохтой холбоотой зорилтыг энэ онд шинээр тусгасан” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )