"Mongolian Mining week 2023”-т 20 улсын 300 гаруй  төлөөлөгч, хөрөнгө оруулагч оролцоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 05

“Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 9-13-ны өдрүүдэд болно. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулж буй уг чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэх юм.

Энэ удаагийн чуулга уулзалтад Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, ИБУИНХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, ӨАБНУ, Арабын нэгдсэн Эмират улс, Франц, Испани, Пакистан зэрэг 20 орчим улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагын 3000 гаруй төлөөлөгч оролцохоор байгаа ба эхний хоёр өдрийн арга хэмжээний бүртгэл дууссан байна. 

Арга хэмжээний үр дүнд салбарын өрсөлдөх чадварыг тодорхойлох, дэлхий нийтийн чиг хандлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоог хангах, хөрөнгө оруулалтын таатай орчныг сэргээх, хууль, эрх зүйн шинэчлэлийг хурдасгах гээд салбарт тулгамдаж буй олон асуудлыг шат шатны байгууллагуудын оролцоотойгоор нээлттэй хэлэлцэж, цаашдын чиглэлээ тодорхойлно гэж УУХҮЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top