АХБ: Бүс нутагт нүүрлээд буй олон хямралыг шийдвэрлэхэд  $100 тэрбумыг зарцуулна 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 05

Азийн Хөгжлийн Банк (АХБ) бүс нутагт нүүрлээд буй олон хямралыг шийдвэрлэх зорилгоор ирэх арван жилд 100 тэрбум ам.долларын санхүүжилтийг бий болгох хөрөнгийн удирдлагын шинэчлэлээ  баталжээ.

Санхүүгийн эх үүсвэрийг хувийн хэвшлийн санхүүжилт болон дотоодын эх үүсвэрээр нэмэгдүүлснээр уур амьсгалын хямралыг давахад тэрбумаар бус их наядаар шаардагдаж буй санхүүжилтийн хэрэгцээг хангах боломж бүрдэнэ гэж үзжээ. 

АХБ нь Өөрийн хөрөнгийн хүрэлцээний бодлого (ӨХХБ)-доо нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэхүү шинэчлэлийг нэвтрүүлж байна. Тус банкнаас жилд батлах шинэ санхүүжилтийг 36 тэрбум ам.доллараас багагүй хэмжээнд байхаар нэмэгдүүлсэн нь өмнөхөөс 10 тэрбум орчим ам.доллараар буюу 40%-иар өсөж буй үзүүлэлт юм.

АХБ-наас эрсдэлийн бодлого, хязгаар, хэм хэмжээг зохих түвшинд байлгахын зэрэгцээ өөрийн хөрөнгийн зохистой харьцааг оновчилсон нь санхүүжилт нэмэгдэх боломжийг бүрдүүлсэн байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд урьдчилан таамаглах боломжгүй гэнэтийн хямралтай тулгарч буй АХБ-ны хөгжиж буй гишүүн орон (ХБГО)-уудыг дэмжихэд зориулсан Мөчлөг сөрсөн зээлийн нөөц эх үүсвэр бий болж байна.

АХБ өөрийн эх үүсвэрээс ХБГО-ууд болон хувийн хэвшлийн харилцагч нартаа ирэх арван жилд 360 сая тэрбум ам.долларын санхүүжилт олгох боломжийг бий болгосон эдгээр арга хэмжээ нь тус банк өөрийн ААА зээлжих зэрэглэлээ ашиглан урт хугацаатай, бага зардалтай санхүүжилтээр өөрийн гишүүн орнуудыг дэмжих чадварыг хадгалахад чиглэсэн. Санхүүгийн хямралын үед өөрийн хөрөнгө буурахаас урьдчилан сэргийлэх сэргэлтийн төлөвлөгөөг тус шинэчлэлд тусгасан тул энэ нь АХБ-ны AAА зээлжих зэрэглэл цаашид тогтвортой хадгалагдахад дэмжлэг болох юм. АХБ нь ӨХХБ-ыг 3 жил тутамд эргэн хянадаг байна.

“Эдгээр чухал шинэчлэлүүдийг хийснээр АХБ Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд өргөн хүрээний хөгжлийн хүчин чармайлтыг дэмжих боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрсдэлд өртөмтгий эмзэг орнуудад зориулсан хөнгөлөлттэй санхүүжилтээ эрс нэмэгдүүлж чадна” хэмээн АХБ-ны Ерөнхийлөгч Масацугу Асакава хэлээд “Өнөөдрийн бидний гаргасан шийдвэр бол олон талт хөгжлийн банк (ОТХБ)-уудыг хөрөнгө нөөцөө ашиглан илүү хурдтай, илүү ихийг хийхийг уриалсан дуудлагын хариуд АХБ-наас хэрэгжүүлж буй ажлуудын нэг юм.

Эдгээр хөрөнгө нөөц нь бүс нутагт нэгэн зэрэг нүүрлэсэн олон хямралыг зохицуулах, жендэрийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, бид бүгдийн орших, эс оршиход нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлтийн сорилтын өмнө суурь хэрэгцээг хангахад тус болно. Бид өөрийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн давуу талаа ашиглан хувийн хэвшлийн болон дотоодын хөрөнгийг давхар дайчилж, өөрсдийн ажлыг хамгийн үр дүнтэй байлгахын төлөө шинэлэг байдлаар мөн ажиллах болно” гэсэн байна. 

Хөгжлийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийг илүү далайцтай оролцуулах замаар хувийн хэвшлийн санхүүжилтийг дайчлах нь тэрбумаар биш их наядаар тоологдох санхүүжилтийг бий болгоход чухал үүрэгтэй. Макро эдийн засгийн бодлого, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын институцийн болон зохистой орчныг сайжруулах зэргээр банкнаас дээд түвшинд хамтран ажилласнаар дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг улс орны түвшинд нэмэгдүүлэхэд түлхэц болно. Дунд шатанд үзүүлэх банкны зөвлөх үйлчилгээний үр дүнд төсөл, хөтөлбөрийн бэлэн байдал хангагдаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай төслүүдийг боловсруулахад туслах юм.

Харин доод шатанд хувийн хэвшилд эрсдэлийг бууруулах зэргээр хөгжлийн төслүүдэд хувийн хэвшлийн эх үүсвэрийг хамтран татах санхүүжилтийн бүтцийг ашиглах юм. Дээд шатанд зохистой орчныг бүрдүүлж, дунд болон доод шатанд хамтарсан эх үүсвэрийг дайчлах ажил нь АХБ-ны санхүүжилтийн далайцыг өргөжүүлж, бүс нутгийн хөгжлийн төлөө зарцуулах хөрөнгө нөөцийг хэд дахин нэмэгдүүлэх өгөөжтэй юм.

Улс орнууд татварын орлогоо нэмэгдүүлэх, татварын албаа цахимжуулан шинэчлэх шаардлагатай, мөн олон улсын татварын тогтолцоог шударга, үр дүнтэй болгохоор хамтран ажиллах ёстой юм. Өрийн тогтвортой байдал болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд дотоодын нөөцийг дайчлах нь нэн чухал гэж мэдээлэлд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top