"Петрочайна дачин тамсаг" ХХК-д Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 06

"Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн ХIX, XXI талбайд хийсэн хяналт, шалгалтын талаар БОАЖЯ-наас өнөөдөр /2023.10.06/ мэдээлэл өглөө. 

"Петрочайна Дачин Тамсаг" ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй химийн бодис ашигласан байх нөхцөл байдал тогтоогдсон, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлдэггүй, аюултай хог хаягдлын хуримтлал үүсгэсэн нөхцөл байдал тогтоосон.

Дээрх нөхцөл байдалд үндэслэн талбай тус бүр дээр Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн нийт 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.

“Петрочайна дачин тамсаг” ХХК нь олон жил хуримтлагдсан, ашиглалтын хугацаа дууссан химийн бодис, сав баглаа боодол, аюултай хог хаягдлыг устгах, тээвэрлүүлэх талаар Элемент ХХК-тай гэрээ байгуулан 2022.09.23-2022.10.23-ны өдрийг хүртэлх хугацаанд 20 удаагийн ачилтаар 577тн химийн бодис, сав баглаа боодлын хаягдлыг холбогдох газарт шилжүүлж, 339,58 тн аюултай хог хаягдлыг устгалд оруулсан байна.

"Петрочайна дачин тамсаг" ХХК нь “12 нэр төрлийн химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашигласан байж болзошгүй, газрын тосоор бохирдсон 4000 м3 орчим шороог байгаль орчинд ил задгай хаясан гэх асуудлыг шалгуулахаар Экологийн Цагдаагийн албанд 2022 оны 07 дүгээр сарын 18-ны өдрийн 06-01/1540 дугаартай албан бичгээр шилжүүлж, тус газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
 
Мөн тус компани  нь ус ашигласны төлбөртэй холбогдуулан 2021 онд 1,881,095,392 төгрөг, 2022 онд 1,484,492,096 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын байдлаар 286 276 992  төгрөгийг тус тус орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн боловч ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүй ус ашигласан зөрчил илэрсэн.

Энэ зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсгүүдийг үндэслэн зөрчлийн хэрэг үүсгэн 5000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

"Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн ХIX талбайд N 460 53’ 43.1”, E 1160 10’ 05.4’’ координатын цэгт зөвшөөрөлгүй худаг гаргасан /малчны худаг гэх тайлбар гаргасан/ байсныг газар дээр нь худгийг 205221, 205246 дугаартай лацуудаар битүүмжилсэн.

Монгол Улсын засгийн газрын 2022 оны 416 дугаар тогтоолоор газрын доорх усны төлбөрийн хэмжээ нэмэгдсэн байхад 2023 оны 1-3 сард ашигласан усаа хуучин тарифаар тооцож төлсөн байна. 19 талбай дээр 214 сая 707 мянга 744 (214.707.744) төгрөг, 21-р талбай дээр 92 сая 490 мянга 528 (92.490.528) төгрөгийг дахин тооцож нийт 307 сая төгрөгийг төгрөгийг төлүүлсэн байна.

"Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарсан цэвэршүүлсэн бохир усыг “Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус Ерөнхий шаардлага MNS4943:2015 стандарт”-ын Хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээтэй харьцуулахад Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ) 3.6-4 дахин их,  умбуур бодис 33 дахин их, Исэлдэх чанар (ПИЧ ) 4.5-4.7 дахин их ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус нь стандартын шаардлага хангаагүй, хог хаягдлыг ангилан ялгадаггүй, туслан гүйцэтгэгч компаниуд нь хог хаягдлыг тогтоосон цэгт хаядаггүй, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ аваагүй, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй зөрчил илэрсэн.

Энэ зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.13 дугаар зүйлийн 16.8 дэх хэсгийг үндэслэн 30000 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, Зөрчлийн үр дагавар арилгахыг даалгасан.

"Петрочайна дачин тамсаг" ХХК нь “Химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай    зөвшөөрөл”-ийн жагсаалтад ороогүй нэр бүр бүхий химийн бодисуудыг ашигласан байж болзошгүй асуудлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны удирдлага болгон Эрүүгийн тухай хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газарт танилцуулан харьяалал тогтоолгож, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанд шилжүүлсэн болно.

Тухайн жилийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгүй зөрчилд Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.191.220) 2025 оны 03 сарын 13

Очирбат гэх мэт даам гарсан хулгайчуудыг

1  |  0
Top