"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганбат онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д өнгөрсөн 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн онцгой дэглэм тогтоосон. 2023 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улс нийтдээ 48.9 сая тонн нүүрс экспортод гаргаад байгаагийн 42 хувь буюу 20.6 сая тонн нүүрсийг нь тус компани дангаараа экспортод гаргасныг дурдсан.
УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталсантай холбогдуулан нүүрсийг хил нөхцөлөөр биржээр борлуулдаг болсон. Энэ оны хоёрдугаар сараас биржээр борлуулсан нүүрсээ Ганц мод боомт хүртэлх тээврийг тус компани хариуцаж, хүргэх ажлыг зохион байгуулав. Мөн төрийн нууцын зэрэглэлтэй гэрээг бүгдийг нь ил болгосон. Том худалдан авагч компаниудаас урьдчилж авсан өр, төлбөр нийтдээ 606 сая ам.доллар байсныг бүрэн төлж, барагдуулсан гэж байлаа.
Түүнчлэн санхүүгийн сахилга батыг сайжруулж, төсвийг хэмнэж ажилласан, ЭТТ бондын I,II транчийг амжилттай төлж дуусгасныг онцлохын зэрэгцээ онцгой дэглэмийн хугацаанд нийтдээ 23.7 сая тонн нүүрс олборлож, 29.5 сая тонн нүүрс борлуулан, 2.9 тэрбум ам.долларын орлого олж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн гэж байлаа.
Танилцуулгад,“Эрдэнэс Тавантолгой” ХК нь энэ онд МХБ-ээр нийт 50 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж, 726.9 сая ам.долларын үнэлгээтэй, 5,958.4 мянган тонн нүүрс арилжиж, 278.6 сая ам.долларын нэмэлт орлого олоод байна. Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр, тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн. Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг хүсэлт гаргаж шаардлага хангасан компани бүрд ижил тэгш зарчмаар, нээлттэй, ил тод байдлаар олгож байна гэв.
Төсвийн зардлыг бууруулснаар 363.2 тэрбум төгрөгийн хэмнэлт үүссэн. Төсвийг хэмнэх, өр бууруулах, мөнгөн хөрөнгийг оновчтой удирдах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр “ЭТТ БОНД”-ын I, II транчийн 236.5 тэрбум төгрөг, 52.3 сая ам.долларыг хугацаанд нь өөрсдийн орлогоор амжилттай төлж барагдуулсан.
Түүнчлэн компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг өөрсдийн борлуулалтын орлогоор санхүүжүүлж, гадны эх үүсвэрээр өр төлбөрийг огт нэмэгдүүлээгүй гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )