Монголбанкны ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн 2023 оны аравдугаар сарын 6-ны өдөр БНСУ-ын Төв банканд айлчилж, Ерөнхийлөгч ноён Ча Ён Ритэй ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр улсын банк, санхүүгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар, мөн Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаар ярилцсаны дээр банк санхүүгийн салбарт гарч буй хууль эрх зүйн болоод бусад шинэчлэлт, өөрчлөлтийн талаар харилцан санал солилцлоо.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ, БНСУ-ын Төв банктай “Мэдлэгийн Түншлэлийн Хөтөлбөр” (BOK-KPP) – ийн хүрээнд долоо дахь жилдээ хамтран ажиллаж байгаа нь Монгол Улсын банк, санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр, бас туршлага болж байгааг дурдаад, БНСУ-ын Төв банкнаас тус хөтөлбөрийг дэмжиж ирсэнд талархаж буйгаа онцолж, энэхүү хамтын ажиллагаа цаашид ч өргөжин тэлж, амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн БНСУ-ын Төв банканд айлчлах хугацаандаа арилжааны банкнуудын үйл ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад төлөөлөлтэй болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тус улсын тэргүүлэгч томоохон арилжааны банкнуудын төлөөллүүдтэй мөн хэд хэдэн уулзалтыг хийлээ.
Энэ үеэр хөгжиж буй орны хувьд Монгол Улс нь гадаадын банкны охин компани эсвэл салбар байгуулах зохицуулалтыг хууль эрх зүйн талдаа эцэслэн шийдвэрлэснийг онцлоод, Монгол Улсын жижиглэнгийн худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хурдацтай өргөжин тэлж, үүнд Өмнөд Солонгосын бизнесүүд ч идэвхтэй оролцож эхлээд байгаа нь БНСУ-ын арилжааны банкууд Монголын банкны салбарт орж ирэх гол хөшүүрэг болж байгааг ч дурдлаа гэж Төв банкнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )