Өрхийн зарлага орлогоос илүү хурдтай тэлж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 12

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2023 оны хоёрдугаар улиралд өрхийн сарын дундаж орлого 2.0 сая төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа.

Өрхийн орлого ийнхүү нэмэгдсэн нь төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр тэтгэмж нэмэгдэж, үүнийг дагаад хувийн хэвшлийн ажилчдын цалин өссөнтэй холбоотойг Санхүүгийн тогтвортой байдлын тайланд дурджээ.

Улсын дундаж цалин 2023 оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар нэмэгдэж, 1.8 сая төгрөгтэй тэнцэж байна.

Нэрлэсэн цалин өсөж, инфляц буурч байгаагаас шалтгаалан бодит цалингийн өсөлт нэмэгдээд байна. 

Тухайлбал, 2023 оны нэгдүгээр улиралд бодит цалингийн жилийн өсөлт 12.7 хувьд хүрсэн нь 2013 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Ийнхүү өрхийн дундаж орлого нэмэгдсэн хэдий ч, өрхийн зарлага орлогоос илүү хурдтай тэлж байна.

2022 оны хоёрдугаар улирлаас эхлэн эдийн засгийн идэвхжил сэргэж өрхийн хэрэглээ нэмэгдсэн болон үнийн өсөлтийн нөлөөгөөр өрхийн зарлага орлогоосоо давж эхэллээ. 

Өрхийн зарлага 2023 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар нэмэгдсэний 15.2 нэгж хувийг хүнсний бус зардал, тэр дундаа орон сууц, ус, цахилгаан болон тээврийн хэрэгслийн зардлын өсөлт бүрдүүлэв.

Цаашид өрхийн орлого, зарлагын зөрүү үргэлжлэн өсвөл зөрүүг зээлээр санхүүжүүлснээр өрхийн өр нэмэгдэж, өрийн дарамтад орох эрсдэлтэйг тодотгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top