БНХАУ-ын эдийн засгийн зарим голлох үзүүлэлтүүд 2023 оны долоодугаар сарын гүйцэтгэлээр хүлээлтээс доогуур гарч, тус улс эдийн засгийн томоохон хүндрэлтэй тулгарч болзошгүй байна. БНХАУ-ын эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг, эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болсон үл хөдлөх хөрөнгийн салбарт томоохон хүндрэл үүсээд буй юм.
Тодруулбал, БНХАУ-ын хамгийн том үл хөдлөх хөрөнгийн компаниудын нэг болох Country Garden-д өрийн хямрал нүүрлэж, бондын эргэн төлөлтөө төлж чадахгүйд хүрсэн нь хөрөнгө оруулагчдын итгэл, эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлөв.
БНХАУ-ын Үндэсний Статистикийн Товчооноос зарласнаар 2023 оны долоодугаар сард тус улсын жижиглэн худалдаа, аж үйлдвэрлэл болон хөрөнгө оруулалтын өсөлт хүлээлтээс доогуур гарлаа.
Түүнчлэн БНХАУ-ын залуучуудын ажилгүйдлийн түвшин 2023 оны зургаадугаар сард 21.3 хувь буюу түүхэн дээд түвшиндээ хүрээд байсан бөгөөд БНХАУ уг үзүүлэлтийг олон нийтэд мэдээлэхээ зогсоосон нь эргэлзээ дагуулж байна.
Олон улсын шинжээчдийн сүүлийн үеийн таамаглалаар БНХАУ-ын ДНБ-ий өсөлт 2023 оны зорилтот түвшин болох 5 хувьд хүрч чадахааргүй байна. Ийнхүү БНХАУ-ын эдийн засагт томоохон хүндрэл тулгарч, эдийн засгийн идэвхжил улам бүр саарах эрсдэлтэй байгаа нь эдийн засаг, худалдааны түнш орнуудад ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй юм.
Сэтгэгдэл ( 0 )