Дэлхий нийтээр өндөр технологийн түүхий эд, тэр дундаа газрын ховор элементийг чухалчлан авч үзэх болсон. Газрын ховор элементийн хэрэглээ нь өсөн нэмэгдэж байгаа тул энэхүү элементүүдийн ордуудыг нээж илрүүлэх, гарал үүслийг нь тогтоох зорилготой геологийн хайгуул, судалгааны ажил олон улсад эрчимтэй хийгдсээр байна.
Гар утас, автомашин, сэргээгдэх эрчим хүч, дрон, цэнэг хураагуур, хүнд, хөнгөн үйлдвэрлэл бүгд газрын ховор элементийг нэхэх болсон. Ач холбогдол, эрэлт хэрэгцээ нь өсөх тусам зах зээлд өрсөлдөөн улам эрчимжиж байна. Энэ тухай “Mining Week” өнөөдөр онцолж, өндөр технологийн түүхий эдийн өргөн боломжийг тал бүрээс нь хэлэлцлээ.
“Өндөр технологийн түүхий эд” сэдвээр үргэлжилсэн өнөөдрийн хуралдаанд “Цацраг идэвхт ашигт малтмалын дэлхийн чиг хандлага”-ыг “ГеоЭнержи Консалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, доктор Хаген Гюнтер Юнг тодорхойлсон бол “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард “Дэлхийд өрсөлдөх Зөөвч-Овоо ураны орд”-ын талаар танилцуулга хийлээ.
Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах, гуравдагч орны хөрөнгө оруулагчтай томоохон хэлэлцээрийг хийж эхэлсэн. Тодруулбал, 26 жилийг зарцуулсан Францын төрийн компанийн 66 хувийн эзэмшилтэй “Бадрах Энержи” компани Монгол Улсын Засгийн газарт Хөрөнгө оруулалтын гэрээний төслөө хүргүүлж, хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Хэлэлцээр үргэлжилж буй.
“Бадрах Энержи” компанийн тодорхойлсноор, Зөөвч-Овоо бол дэлхийн ураны хамгийн том 10 ордын нэг. Монголын эрдэс нөөцийн нэгдсэн санд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажсан 13 ордод нийт 192 мянган тонн ураны нөөц бүртгэлтэй, хайгуулын 4 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа юм. Нөөцийн хэмжээг авч үзвэл, дэлхийн нийт ураны 3.2 хувь нь Монгол улсад бүртгэлтэй байна.
Чуулга уулзалтын төгсгөлд “Монгол орны стратегийн ашигт малтмалын /критик/ хэтийн төлөвийн судалгаа”-г танилцуулж, “Боломж ба Эрсдэл” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнөв.
Панелистууд өндөр технологийн түүхий эдийн ирээдүйг дэнслээд зогсохгүй батерейн түүхий эдийн нөөц боломжийг ч мөн хөндөн ярилцлаа. Өндөр технологийн түүхий эдэд лити, никель, кобальт, батерейн түүхий эд ордог.
Улс орнууд критикал минералд ямар эрдэс түүхий эдийг оруулах эсэхээ ярилцаж, зах зээлийн нөхцөл байдлыг ажиглаж, тандсаар буй. Манай улсын хувьд газрын ховор элемент, критикал минералын нөөцөө судлах, нарийвчлан тогтоох, геологи хайгуулын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага асар их байна. Газрын ховор элементийн чиглэлээр, Лугийн гол, Хотгор, Мушгиа худаг, Халзан бүрэгтэй, Цагаан чулуут, Улаан дэл ордуудыг нэрлэж болно. Эдгээрээс Халзан бүрэгтэй төсөл урагштай явж байна.
Дэлхийн тренд болж буй газрын ховор элемент, критикал минерал нь олон улсаас хөрөнгө оруулалт татах томоохон боломж гэдгийг “Mining Week-2023” энэ өдөр онцолсон юм. Үүний тулд төрийн бодлого, чиглэл маш тодорхой байх ёстой гэдгийг салбарын оролцогчид хэлж байсан.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд анх удаагаа “чухал ашигт малтмал” гэсэн тодорхойлолтыг Монгол улс оруулаад байгаа. Бодлого, хууль эрх зүй, татварын орчин л эцсийн мөчид хөрөнгө оруулалтын урсгалыг шийднэ.
Ийнхүү энэ сарын 09-нд эхэлсэн уул уурхайн салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээ “Mining week” гадаад, дотоодын 5000 гаруй оролцогчдыг хамруулж, ашигт малтмал, геологи хайгуул, газрын тос, өндөр технологи, өнгөт металь хийгээд хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны олон чухал асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, өнөөдөр өндөрлөлөө.
Сэтгэгдэл ( 0 )