Клауде Имаувэн: Хоёр талын  хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломж бололцоо асар их байгаа 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Парис хот дахь Монгол Улсын Элчин сайдын яам, БНФУ-ын Аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөн, Франц Монголын бизнес зөвлөл хамтран Монгол-Францын бизнес форумыг /2023.10.11/ Парис хотноо амжилттай зохион байгуулав. 

Монгол-Францын бизнес форумыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  нээж үг хэллээ.

Мөн БНФУ-ын Засгийн газрын Жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд хатагтай Оливиа Грегорие, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Францын Аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөний Франц-Монголын бизнес зөвлөлийн тэргүүн Клауде Имаувэн нар нээлтийн үг хэлэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Франц улсын эдийн засгийн олон салбарууд, тэр дундаа хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, стандартыг  Монголын бизнес эрхлэгчид суралцах сайн жишиг гэж үздэг бөгөөд эдгээр чиглэлд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байна.  Монгол Улсын хувьд Франц улс нь гуравдагч хөрш, тэр дундаа Европын холбооны хамгийн гол хамтрагч улс агаад хоёр талын хамтын ажиллагааны гол цөм нь бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай хамтарсан төсөл хөтөлбөрүүд гээд, цаашид МҮХАҮТ нь хоёр улсын худалдаа, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гол түнш байж, бүх талаар дэмжиж хамтран ажиллах болно гэдгийг онцоллоо. 

Франц-Монголын бизнес зөвлөлийн тэргүүн Клауде Имаувэн , “БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 2023 оны 5 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад төрийн айлчлал хийж байна. Бид өнөөдөр хоёр талын улс төрийн сайн харилцааг эдийн засгийн сайн харилцаа руу хөрвүүлэхээр энд хуран цуглаад байна. Хоёр талын худалдаа мөн эдийн засгийн олон салбаруудад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломж бололцоо асар их байгаа бөгөөд хамтын ажиллагаа улам өсөн нэмэгдэнэ гэж найдаж байна. Энэхүү бизнес форумд хуран цугларсан хоёр талын бизнес эрхлэгчдийн тоо бидний хамтын ажиллагааны хүсэл эрмэлзлийг тодорхой илэрхийлж байна” гэв. 

Тус форумын үеэр МҮХАҮТ, Францын Аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөний олон улсын байгууллага хооронд байгуулсан санамж бичгээ шинэчлэн үзэглэлээ.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатар “Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, өнөөгийн байдал”, БНФУ-ын Бизнес Франц байгууллагын орлогч захирал Дидиер Боулогне Франц Улсын бизнесийн орчны талаар, Метагро ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр “ХАА-н шинэ эрин, Монгол, Францын хамтын ажиллагааны боломж”, Ньюком группийн Дэд бүтцийн асуудал эрхэлсэн захирал Д.Ганхуяг “Сэргээгдэх эрчим хүчний ирээдүй” сэдвээр тус тус илтгэл тавьж, Францын талаас Монгол Улстай хамтран ажилладаг Thalès, Dassault Systèmes, POMA, Orano Mining зэрэг компаниуд хамтын ажиллагааны талаар  мэдээлэл хийн, нэрийн хуудас , хамтын ажиллагааны талаар санал солилцох В2В арга хэмжээ хийн өндөрлөв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(139.5.218.186) 2023 оны 10 сарын 14

S AWN DYYDLGN80955877

0  |  0
Top