АНУ, Европын банкуудын хүндрэл юуг ойлгуулав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 17

АНУ, Европын банкны салбарын хүндрэл дэлхийн санхүүгийн салбарт хэрхэн нөлөөлснийг ОУВС-гийн шинжээчдийн дүгнэснээр хүргэе.

1983 онд байгуулагдсан Silicon Valley Bank (SVB) нь активын хэмжээгээрээ АНУ-ын 16 дахь банк бөгөөд  гарааны бизнес, хамтын хөрөнгө оруулалтын компаниудад санхүүжилт олгоход үйл ажиллагаа нь чиглэж байв. 2018-2021 онд цар тахлын үед хамтын хөрөнгө оруулалтын компаниуд хурдацтай өссөнөөр тус банкны хадгаламж татан төвлөрүүлсэн хэмжээ эрс нэмэгдэж, үйл ажиллагаа нь эрчимтэй тэлж байсан бол 2022 он гарснаар хамтын хөрөнгө оруулалтын компаниудын санхүүжилтийн хэмжээ хумигдаж, тус банкны хадгаламж эзэмшигчдийн тоо буурахад хүргэсэн байна. Улмаар тус банк Засгийн газрын болон бусад төрлийн үнэт цаасны арилжаанаас 1.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн нь ил болж, хөрөнгө оруулагч нарын болгоомжлолыг нэмэгдүүлснээр 2023 оны эхээр төлөвлөж байсан өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх оролдлого нь амжилтгүй болов.

2022 оноос эхэлсэн хүүгийн огцом өсөлт нь тус банкны эзэмшиж буй томоохон хэмжээний Засгийн газрын болон бусад тогтмол хүүтэй үнэт цааснуудын бодит бус алдагдлын хэмжээг 18 тэрбум ам.долларт хүргэж, төлбөрийн чадварын хүндрэл бий болгов.

Түүнчлэн, хамтын хөрөнгө оруулалтын компаниудын цаашдын төлөв муудсанаар тус банкны зээлийн багцын эрсдэл нэмэгдэж, хөрөнгө оруулагч нарын итгэл буурсан нь харилцагчид хадгаламжаа татахад хүргэн, 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр тус банк дампуурлаа зарласан билээ. Үүнийг дагаад ижил секторт үйл ажиллагаа явуулдаг Signature Bank of New York (SBNY) банкны үйл ажиллагаа хөрөнгө оруулагч нарын анхаарлыг татаж, хувьцааны үнэ нь 2 өдрийн дотор 40 хувиар унав. 

Улмаар Нью-Йорк мужийн санхүүгийн зохицуулагч байгууллага 2023 оны гуравдугаар  сарын 12-ны өдөр тус банкны дампуурлыг зарлав.

Түүнчлэн, 2008-2009 оны санхүүгийн хямралаас хойш анх удаагаа дэлхийн санхүүгийн системийн ач холбогдолтой банк дампуурахад хүрлээ. 

Тухайлбал, дэлхийн санхүүгийн системд чухал ач холбогдолтой банк болох Швейцарын Credit Suisse банк нь удаан хугацаанд алдагдалтай ажиллаж, олон удаагийн хяналт шалгалтын асуудалд холбогдсон нь хөрөнгө оруулагч нарын итгэлийг алдахад хүргэв.

Улмаар үүнийг дагаад Европын банкуудын хувьцааны үнэ огцом унаж, зээлийн дефолт своп хэлцлийн хүүгийн зөрүү нэмэгдсэнээр дэлхийн банкны салбарын тогтвортой байдал хөрөнгө оруулагч нарын санааг зовоож эхэлж байв. 

Ингээд АНУ-ын SVB болон SBNY банкны дампуурлаас 7 хоногийн дараа буюу 2023 оны гуравдугаар сарын 19-ний өдөр хүндрэлд орсон Credit Suisse банкийг Швейцарын Засгийн газрын дэмжлэгтэйгээр UBS банк 3 тэрбум Швейцар франкаар худалдан авч, өөртөө нэгтгэх шийдвэр гаргаснаа зарлалаа. 

Тодруулбал, Швейцарын Төв банкнаас тус банкинд төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих санхүүжилт олгохоос гадна эрх баригчдын зүгээс 9 тэрбум Швейцар франкийн баталгааг UBS банкинд гаргаж, 16 тэрбум Швейцар франкийн нэрлэсэн үнэлгээ бүхий өрөөс чөлөөлөхөөр тохиролцжээ.

Эдгээр банкны дампуурал нь мөнгөний захын болон санхүүгийн нөхцөл дэлхий даяар эрчимтэй чангарснаар банкны салбарт хуримлагдаад байсан эрсдэл, эмзэг байдлыг хүндрэлд шилжихэд нөлөөлснийг харуулав. 

Удаан хугацаанд бага хүүтэй зах зээлд ажиллаж ирсэн зарим банкууд инфляцын дарамтаас шалтгаалсан гэнэтийн хүүгийн огцом өсөлтийн үед хүү, хөрвөх чадварын эрсдэлээ удирдаж чадсангүй. 

Нөгөө талдаа АНУ-ын банкны салбарт болсон үйл явдлууд хэрхэн хэвлэл, нийгмийн сүлжээгээр хурдтай тархан дэлхийн банк, санхүүгийн системд нөлөөлж, хүүгийн хүлээлтийг огцом өөрчлөн, хөрөнгө оруулагч нар эрсдэлтэй активаа зарах үйл явц болон хувирч болдгийг харууллаа гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top