Далд эдийн засгийг тэглэх ТАВАН ХУВЬ

2023 оны 10 сарын 27

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох асуудлаар олон нийтийн дунд явуулсан санал асуулгад 100 мянган хүн нэгдсэнээр УИХ-ын түвшинд хэлэлцэх боломж нээгдээд байна. Тэгвэл Сангийн сайд С.Жавхлан НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх ямар ч боломжгүй гэсэн. Эдийн засагчид ч мөн янз бүрийн байр суурийг илэрхийлж буй. Гэхдээ олон нийтийн санах ой анх НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувиар тогтоож байхад “боломжгүй”, “болохгүй” хэмээн эсэргүүцэж байсан улстөрч, эдийн засагчдыг мартаагүй гэж найдна. НӨАТ-ын урамшууллыг хоёр хувь болгосноор шинэ алхам хийгдсэн. Үгүйсгэж байсан эрхмүүд  өнөөдөр үр дүнг нь зөв зүйтэй хэмээн дүгнэж байгаа. Гэсэн атал хоёр хувийг таван хувь болгоё гэсэн санаачилга багагүй эсэргүүцэлтэй тулгарч байгаа нь олон асуултыг бий болгож байгаа юм.

Судлаачдын зүгээс “Манай улсын НӨАТ-ын систем 2016 оноос яг зөв явсан” гэж дүгнэдэг юм байна. Энэ бол мэргэжилтнүүдийн үг. Тодруулбал, 2012-2016 онд манай улсын ДНБ 43.4 хувиар өссөн байхад нийт татварын орлого нь 17.8 хувиар л өссөн үзүүлэлттэй байж. Харин 2018-2022 оны хооронд таван жилийн хугацаанд ДНБ 65.3 хувиар өссөн байхад нийт татварын орлого 89.7 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Үүнээс харахад татварын буцаан олгох урамшууллын систем ажиллаж эхэлснээр татварын орлого ДНБ-ний өсөлтөд эерэг нөлөөлөл үзүүлдэг болсон байна.

2012-2016 оны хооронд 4.2 их наяд төгрөгөөс 5.2 их наяд төгрөгийн хооронд хэлбэлздэг байсан татварын орлого 2020 оноос /ковид-19/ бусад жилүүдэд тасралтгүй өсөлттэй байж 15.6 их наяд хүрчээ. Эндээс судлаачид “Урд өмнө бүртгэгддэггүй байсан далд эдийн засгийн орлого, ашиг бшртгэгдэж эхэлснээр ДНБ нэмэгдэхэд хувь нэмэр оруулж, нийт татварын орлого тасралтгүй өсөж ирсэн байна” гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн бизнесийн орлогоо харилцагч, хэрэглэгч, худалдан авагчдын шаардлагаар автоматаар НӨАТ-ын системээр дамжуулан бүртгэлжүүлж эхэлснээр дан ганц НӨАТ-ын татвараас гадна ААН, иргэдийн орлогын албан татварын орлого нэмэгдсэн. Татварын буцаан олгох урамшууллын систем ажиллаж эхлэхээс өмнө нэг их наяд гаран төгрөгийн НӨАТ-ын орлого бүрдүүлдэг энэ үзүүлэлт нь тогтсон шахуу байсан бол 2016 оноос эхлэн бүртгэж эхэлснээр тасралтгүй нэмэгдэж, 3.9 их наяд болж нэмэгдсэн гэдгийг тэд хэлж буй. Энэ баримтууд Үндэсний аудитын газрын архивт бас бий.

Энэ бүхнээс  НӨАТ-ын буцаан олголт хоёр хувь байсныг тав болгох бүрэн боломжтой гэдгийг харж болох юм. Бодит байдалд бид дэлгүүр, худалдааны төвүүдээс бараа худалдан авахад “НӨАТ-ын баримт авахгүй гэвэл бүтээгдэхүүний үнийн дүнгээс 5-10 хувийг хасаад өгье” хэмээн тохиролцооны системээр худалдах, худалдан авах явдал цөөнгүй гардаг. Энэ бол НӨАТ-ыг тав болгож нэмэгдүүлэхэд болохгүй юм үгүй гэдгийг харуулсан бодит баримт юм. Нөгөөтэйгүүр, НӨАТ-ыг таван хувь болгосноор далд эдийн засгийг тэглэх үүд нээгдэнэ.

 

Б.ГАНТУЛГА: ИНГЭСНЭЭР ДАЛД ЭДИЙН ЗАСГИЙГ ИЛ БОЛГОХОД ИРГЭД ӨӨРСДӨӨ ОРОЛЦОНО

CEO клубээс өчигдөр НӨАТ-ын талаар хийсэн хэлэлцүүлэгт тус  клубын ерөнхийлөгч, эдийн засагч, судлаач Б.Гантулгаас энэ талаар тодруулахад  "Одоогийн улсын төсөвт гэнэтийн ачаалал үзүүлэхгүйгээр эхний ээлжинд НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох боломжтой гэж үзэж байна. Эргээд бизнес эрхлэгч нарын орлогын бүртгэлжилт сайжирснаар урт хугацаандаа татварын орлого бүрдүүлэлт сайжирна. Энэ бол одоогийн ДНБ-ий 27 хувьтай тэнцэж буй далд эдийн засгийг ил болгоход иргэд өөрсдөө оролцоно гэсэн үг. Татвараас зугтсан нь хождог, төлсөн нь хохирдог тогтолцоо арилах, чөлөөт зах зээл, бизнесийн өрсөлдөөний орчин нэг болох алхам хийгдэнэ. Иргэдийн татварын ачаалал буурна" хэмээн тайлбарласан.

 

Д.АНГАР: ТӨЛСӨН НЬ ХОХИРООД, ТӨЛӨӨГҮЙ НЬ ХОЖДОГ ЯВДЛЫГ ӨНӨӨГИЙН НӨАТ-ЫН ТОГТОЛЦОО БИЙ БОЛГОСОН

Эдийн засагч, судлаач Д.Ангараас дээрх асуудлаар тодруулахад “НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох боломжтой. Би эдийн засагч, судлаачаас гадна багахан хэмжээний  бизнес эрхэлж явсан. Монголын иргэд, ААН-үүдэд ирж байгаа маш том дарамтуудын нэг нь НӨАТ болчихоод байгаа. Эдийн засгийн том гажуудлыг бий болгогч нь бас л НӨАТ. Төлсөн нь хохироод, төлөөгүй нь хождог тогтолцоог өнөөдрийн энэ НӨАТ-ын тогтолцоо бий болгоод байна. Тухайлбал, зарим жижиг ААН НӨАТ-тай авах уу, эсвэл 10 хувиа хасуулаад НӨАТ-гүй авах уу гэж асуудаг. Энэ тохиолдолд ямар ч хүн хоёр  хувийн буцаан олголт авахын тулд НӨАТ-тай авах сонголт хийхгүй. Тэгэхээр НӨАТ-ын систем иргэд, ААН-үүдэд маш том дарамт шахалт болохоос гадна эдийн засагт шударга бус явдлыг бий болгоод байна. Тиймээс би хувьдаа НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох асуудлыг дэмжиж байгаа. Хэрэв таван хувь болгочихвол бүх хүн НӨАТ төлдөг болоход илүү түлхэц өгөх юм болов уу гэж тооцож байна” гэсэн юм.

Сангийн сайдын тайлбарлаж байгаагаар 5 хувь болговол 600 тэрбум орчим төгрөгийн орлогын дутагдал үүснэ гэж байна лээ. Мэдээж төсвийн орлогод дутагдал үүснэ. Гэхдээ Сангийн сайдын үүрэг бол төсвөө бүтнээр нь батлуулж, хэрэгжүүлэх юм. Гэнэт 600 тэрбум төгрөгийн орлогын дутагдал орж ирж байгааг Сангийн сайд цаад хугацааных нь ач холбогдол, давуу талыг нь харахгүйгээр шууд эсэргүүцэх нь ойлгомжтой. Тиймээс Б.Жавхлан сайдын байр суурийг ойлгож байна. Гэхдээ 600 тэрбумын дутагдлыг нөхөх боломжууд нь эдийн засагт байна.

Бусад улс орны жишигийг харахаар тансаг хэрэглээний татвар гэж байна. Гэтэл Монгол байхгүй. Тэгэхээр тансаг хэрэглээнд татвар нэмэх замаар нөхөх боломжтой. Мөн хадгаламжийн хүүний татвар байгаа. Бусад улс орнуудад олж байгаа хэмжээнээсээ хамаараад 35 хувиас эхэлдэг. Өндөр ашиг олвол 60-70 хувийн татвар ч авдаг. Гэтэл өнөөдөр бүх төрлийн хадгаламж 10-хан хувийн хүүгийн татвартай байна.

Тэгэхээр бага хадгаламжтай хүмүүсийнхийг хэвээр үлдээгээд, 10, 20 тэрбумын хадгаламжаас үлэмж их хэмжээний орлого олж байгаа хүмүүсийн татварыг нэмэхэд 600 тэрбум төгрөг асуудалгүй гараад ирнэ. Өчигдөр Монгол банкны нэг албан тушаалтан 19 тэрбум төгрөгийн хадгалмжтай гэсэн мэдээлэл цацагдсан байсан. Өндөр дүнтэй учраас банкууд өндөр хадгаламжийн хүү төлж байгаа. Ойролцоогоор 20 хувь гэж үзвэл, жилдээ 3.8 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олж байгаа. Гэтэл тэр хүн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг цуглуулж байгаа хүнтэй адилхан 10-хан хувийн татвар төлнө гэдэг утгагүй асуудал шүү дээ.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.23.198) 2023 оны 10 сарын 28

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(102.89.23.198) 2023 оны 10 сарын 28

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
иргэн(202.9.46.133) 2023 оны 10 сарын 27

захуудын наймаачид, ААН-үүд, худалдаачдыг НӨАТ- ын баримтаа нэхүүлэлгүйгээр өгдөг болгох шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай. ингэвэл орлого эрс нэмэгдэн. Одоо иргэд гуйгаад ч өгөхгүй бна.

0  |  0
Нүдээ нээ(202.9.40.175) 2023 оны 10 сарын 27

НӨАТ-ын буцаан олголт нэмсэнээр төсөв бүрдүүлэлт эрс өснө гэдгийг ойлгочих ухаангүй Сангийн сайдтай байгаа нь харамсалтай.

0  |  0
Бат(202.9.46.153) 2023 оны 10 сарын 27

хамгийн зохимжит хувь бол 5%

0  |  0
Top