БНСУ, Монгол Улс хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломжийн талаар хэлэлцлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 30

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголбанк, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яам, МҮХАҮТ хамтран “Монгол-Солонгосын хамтын ажиллагаа: Өнөө ба ирээдүй” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар үг хэлэв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын даргын илгээлтийг УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан оролцогчдод уншиж, танилцуулав.

Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсын хамтын дипломат харилцаа 1990 оны 3 дугаар сарын 26-аас эхэлсэн бөгөөд 1990 онд 2.7 сая ам.доллар орчим байсан хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын дүн 2022 оны эцсийн байдлаар 464 сая ам.доллар болж нэмэгдээд байна. Үүгээр хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж буйг оролцогчид онцлов.  

Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Монгол Улс, БНСУ-ын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хамтын ажиллагааны боломж”, БНСУ, “Монгол Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломж”, “Хөдөө аж ахуй, нийгмийн хамгаалал, хүмүүн капиталын хөгжлийн чиглэлээрх хамтын ажиллагаа”-ны өргөн боломжуудын талаар судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн хурлын үеэр БНСУ-ын зүгээс газрын ховор элемент, хүлэмжийн хийг бууруулах, технологийг нэвтрүүлэх талаар хамтран ажиллах санал, санаачилгыг дэвшүүлэв.

Үүнээс өмнө Монголбанкнаас санаачлан “Монгол, Оросын хамтын ажиллагаа 100 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Монгол-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулж байсан юм. Дээрх Олон улсын эрдэм шинжилгээний хурлууд нь Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд судлаачдын байр суурь, санал зөвлөмжүүдийг сонсох, улмаар цаашдын төрийн бодлогод тусгахад хувь нэмэр оруулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top