Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Ирээдүйн өв сантай холбоотой дараах байр суурийг илэрхийллээ.
"Ирээдүйн өв санд нийт 5.4 их наяд төгрөг цугларснаас одоо 2,7 их наяд төгрөг хадгалагдаж байна. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 6.3.1-д, сангийн хөрөнгийн үнэ цэнийг хадгалж, арвижуулна гэж заасан боловч харамсалтай нь арвижаагүй, үнэ цэнээ алдсан. Үүнд хариуцсан хүмүүс нь санаачлагагүй ажиллаж байна, төрийн мөнгө учраас эзэнгүй байна хэмээн шүүмжилсэн юм.
Тэрбээр хуулийн заалтууд хэрэгжээгүй талаар нэг бүрчлэн танилцуулаад, тус сан ажиллаж, өгөөжөө олох боломж байсан гэдгийг онцолж, хөрөнгийг Монголбанканд хадгалж байхаар нийслэлээс гаргах жилийн 17 хувийн өгөөжтэй бондод оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.
Мөн гадаад улсуудын баянгийн сангуудыг жишээлэн ярьж, 2025 он хүртэл нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй тул Ирээдүйн өв сангийн удирдлагыг төрийн сангаас тусгаарлах хугацааг эргэн харж, үр ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийж өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )