Боловсролыг дэмжигч Голомт банкнаас жил бүр зохион байгуулдаг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн шилдэг 100 оюутныг тодруулан зарлалаа. Тэтгэлэгт шалгарсан шилдгийн шилдэг оюутнуудад батламж болон мөнгөн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа энэ оны 10-р сарын 27-ны өдөр болсон юм.
19 дэх жилдээ хэрэгжиж буй тус тэтгэлэгт хөтөлбөр нь мэргэжил харгалзахгүй өргөн цар хүрээнд зохион байгуулагддагаараа онцлогтой. Энэ жилийн хувьд хөтөлбөрийн сонгон шалгаруулалт 4 үе шаттайгаар явагдаж, МУИС, СЭЗИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС, ХААИС, ДХИС, СУИС, ХУИС, Отгонтэнгэр, Мандах, Их засаг, Сити, Шихихутуг зэрэг дотоодын их, дээд сургуулиудын 650 гаруй оюутан материалаа ирүүлж өрсөлдсөнөөс 2023 оны шилдэг 100 оюутан ийнхүү шалгараад байна. Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт оюутан болсноор зөвхөн мөнгөн тэтгэлэг аваад зогсохгүй мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх сургалт, үйл ажиллагаанд хамрагдах, банкны судлаач оюутны багт дадлага, цагийн ажил хийх, “G-Student” клубийн гишүүн болж сурч хөгжих, нийгэмд чиглэсэн ажлууд хийх, хувь хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэх, сорих, цаашлаад ажил мэргэжлийн карьераа Голомт банкнаас эхлүүлэх зэрэг олон боломжууд нээгддэг давуу талтай.
Голомт банк 2003 онд Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг бизнесийн байгууллагууд дундаас анхлан санаачилж, уламжлал болгон хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд өнгөрсөн 19 жилийн хугацаанд 50 гаруй их, дээд сургуулийн нийт 1700 оюутанд хоёр тэрбум орчим төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Хөтөлбөрөөр дамжуулан оюутан залуусын сурах хүсэл эрмэлзлийг тууштай дэмжих, тэдний хичээл зүтгэлийг үнэлэн урамшуулах, эх орныхоо ирээдүйд үнэ цэнтэй иргэд, чадварлаг мэргэжилтнүүд болон төлөвшихөд нь хувь нэмрээ оруулахыг зорьдог билээ.
Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан ирээдүйг бүтээх их үйлсийн эзэд, шилдэг оюутнууддаа амжилт хүсье.
Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк
Сэтгэгдэл ( 0 )