Хятадын нүүрсний импорт энэ онд  түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 31

2022 онд нүүрсний үнэ түүхэн дээд түвшинд хүрсэн. Энэ нь ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөн, цар тахлын үеийн “Тэг-Ковид” зэрэг хязгаарлалтын арга хэмжээнүүд, БНХАУ-ын Австралиас авах нүүрсний импортод тавьсан хориг, Европ дахь нүүрсний эрэлт нэмэгдсэн, улмаар дэлхийн нүүрсний эрэлт түүхэн дээд түвшинд хүрсэн зэрэг олон хүчин зүйлийн нөлөөтэй байсан. 

Тэгвэл энэ онд Украинд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнөөс бусад хүчин зүйлс өөрчлөгдсөн нь нүүрсний үнэ буурах шалтгаан болж байна. Хэдий тийм ч нүүрсний үнэ 2017-2021 оны дунджаас өндөр хэвээр байна. Энэ нь БНХАУ-д гангийн үйлдвэрлэл өндөр хэвээр байгаа, нүүрсний уурхайнуудад хийж буй хяналтын арга хэмжээнээс шалтгаалж дотоодын зарим нүүрсний уурхай хаагдсан зэрэгтэй холбоотой юм.

Цаашилбал, нүүрсний үнэ харьцангуй бага байгаа нь БНХАУ-ын нүүрс импортоор худалдан авах сонирхлыг нэмэгдүүлж байна. Тухайлбал, энэ оны эхний 9 сарын байдлаар импортын нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 73.1 хувиар өсөж 347.7 сая тонн болсон бөгөөд 2023 оны импортын нүүрсний хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрэх магадлал өндөр байгааг шинжээчид онцолж байна.

Энэ оны есдүгээр сарын эхээр эхэлсэн БНХАУ-ын дотоодын уурхайнуудад хийж буй хяналт шалгалт нь дотоодын нийлүүлэлт багасч импортын хэмжээ өндөр байхад мөн нөлөөлж байна. Хэрэв хяналт суларвал дотоодын үйлдвэрлэл нэмэгдэх, нүүрсний үнэ буурч болзошгүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top