Акробатчид, хөөмийчид болон Шекспир... Лондонд ирсэн хамгийн галзуу хийгээд цоо шинэ бүтээл болох "Монгол Хаан"-д тавтай морил.
Өдөр бүр 1.1 сая хувь хэвлэгддэг "London Evening Standard" сонинд Их Британийн "Колизей" театрт энэ сарын 17-нд нээлтээ хийх "The Mongol Khan" жүжгийн тухай ийн бичжээ. Үүнийг нийтлэгч Вики Жэссоп Монголд ирж, "Тамгагүй төр" буюу олон улсад "The Mongol Khan" нэрээр гарч буй шилдэг бүтээлийг үзэж сонирхсон байна.
Монголын хамгийн том театрын тоос шороотой шаланд яг л ид шид оршин буй мэт. Ил гарсан утаснаас эхлээд хуучирсныг нь илтгэх театрын даруухан барилга дотор гайхалтай сүрлэг хувцасласан жүжигчид ээлжээ хүлээн зогсох бөгөөд гялалзсан даавуугаар чимэглэсэн хувцас бүхий эмэгтэй толгойдоо титэм мэт малгай өмсөн, камерын өмнө инээмсэглэн зогсоно. Түүний ойролцоо өлгүүрт үзэсгэлэнд л ашиглагдахаар гоёмсог хувцас өлгөөтэй байх аж.
Монголын тал нутгаас Лондоны "Колизэй" театрыг зорин ирж, хоёр долоо хоногийн турш тоглогдох болсон "Монгол хаан" жүжгийг үзэхээр зорьж очсон надад жүжигчдийн бие халаалтаас эхлээд бүх үзүүлбэр нь сэтгэл татам, түүнд автам байв.
Акробатчид биеэ гайхалтай хэлбэрт оруулж, цамхаг мэт давхралдан, сэтгэл хөдлөлийг дүрслэн үзүүлэв. Нэгэн чинээлэг, нөмрөгтэй эр тайзан дээр гартаа хутга барин гарч ирлээ. Тэр яг л цуст өшөө авахад бэлэн алхана... Жүжиг бүхэлдээ "Араатны хаан арслан"-г "Лир хаан"-тай хослуулсан мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.
"Энэ жүжиг бодит амьдрал дээр болсон үйл явдал биш зохиомол түүх. Энэ түүх нь харьцангуй сонгодог төрөлд тооцогдох бөгөөд олон хүмүүс энэ гайхалтай бүтээлийг "Монголын Шекспир" гэж нэрлэдэг" хэмээн найруулагч Херо Баатар бидэнд хэлэв.
Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд туурвин зохиосон энэхүү бүтээлийг түүнийг нас барсны дараа буюу 2022 онд найруулагч Б.Баатар дахин амилуулж, Их Британид тоглогдохоос өмнө 150 гаруй удаа үзэгчдийн хүртээл болгожээ.
Найруулагч Б.Баатар жүжгийг 13-р зууны үеийн Монгол Улсын эзэнт гүрнээс сэвэвлэсэн “эмгэнэлт жүжиг” хэмээн тодорхойлсон ба жүжгийн бүх дүрүүдийн харилцан яриа тун баатарлаг өнгө аястай мэт санагдав. Тухайлбал, "Тэнгэр минь, хэрэв миний буруу бол намайг ниргэхтүн!" хэмээн жүжгийн эхэнд хаан уйлах ба хүүгээ төрөх үед "Түүний хэлэх анхны үг нь эзэнт гүрний хашхираан байх болтугай" хэмээн тунхагладаг.
3.3 сая хүн амтай Монгол Улсад театрын соёл өндөр хэмжээнд цэцэглэн хөгжөөгүй ч энэ жүжгээр бүхнийг өөрчлөхөөр шийдсэн гэлтэй.
Хятад, Орос хоёр их гүрний дунд орших Монгол Улс уулархаг, дов толгод ихтэй, нүүдэлчин овог аймгуудын өлгий нутаг бөгөөд бахархам их түүхийг өвлөн үлдсэн улс.
Найруулагч Б.Баатар "The Mongol Khan" жүжгээ "Үндэсний онцлогоо хадгалж үлдэхийн сацуу дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, дэлхийд юу санал болгож чадахаа харуулах гэсэн бидний анхны оролдлого" гэж тодотгосон.
"The Mongol Khan" жүжигт тус улсын шилдэг бүжигчид, акробатчид, дуучид, жүжигчид оролцжээ. Хатан хааны дүрийг бүтээсэн жүжигчин У.Уранчимэг жүжигчин, найруулагч мэргэжил эзэмшсэн уран бүтээлч бөгөөд өдгөө "Үндэсний баялаг"-тай зүйрлэгдэхүйц алдартай болжээ. Эмгэнэлт хааны дүрийг бүтээсэн Ганболдын Эрдэнэбилэг үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээний голлох уран бүтээлчээр сонгогдож, нүргэлсэн их алга ташилтын дор гоцлол үзүүлбэр үзүүлж байжээ.
Хачирхалтай нь, эдгээр жүжигчдэд Британийн соёл, уламжлал асар их нөлөө үзүүлж ирсэн гэх. Жүжигчин У.Уранчимэг "Бид анхнаасаа Шекспирийн бүтээлээр өлгийдүүлсээр ирсэн" хэмээсэн бол ноёны дүр бүтээсэн жүжигчин Шадавын Доржсүрэн "Гамлет", "Лир хаан" болон "Ромео, Жульетта" жүжгийн Ромеогийн дүрийг хүртэл бүтээж байжээ. Харин тэд энэ удаад монгол бүтээлийг Английн тайзнаа авчрав.
Жүжгийн зохиол өөрөө Монголын баялаг түүхээс санаа авсан агуулгатай. Эзэнт гүрний үеийн хорсолт хаан хоёр эхнэртэй байх агаад тэдгээр хоёр хатан нэгэн зэрэг түүнд хүү төрүүлж өгчээ. Энэ зуурт бусармаг заль мэх явагдан, хөвгүүдийг хооронд нь солих бөгөөд үүнээс үүдэн урвалт, ан цав үүсэж, эзэнт гүрний ирээдүйн төлөөх тэмцэл өрнөнө.
Бүтээлийг Их Британид тоглохын тулд зарим жүжигчид англи хэлийг богино хугацаанд суралцжээ. Тэднээс хэцүү байсан эсэх талаар асуухад "Тийм ээ" гэж хариулсан ч энэ бүхэн үнэ цэнтэй туршлага болсон тухай ярьсан юм.
Жүжигчин Ш.Доржсүрэн “Энэ бүхэн бидний хувьд олимпод оролцохтой л адил зүйл болж байна. Лондоны театр шүү дээ. Театрын өлгий нутаг л гэсэн үг. Энд шилдгүүд л сум тавихаар ирдэг. Тиймээс өндөр нэр хүндийн хэрэг байлаа" гэлээ.
Колизейд ирсэн жуулчид үүнтэй төстэй жүжиг үзэж чадахгүй гэдэгт би тэд итгэлтэй байна. Хааны дүр бүтээсэн Г.Эрдэнэбилэг “Бид ямар гайхалтай соёлтой, ямар өвөрмөц, зан үйлтэй хүмүүс болохоо мэднэ. Бид гараа дэлгэх үед хээр талын задгүй салхи тойрон эргэлдэж, эргэн тойронд хэдэн зуун километрээр үргэлжлэх ногоон тал цэлийж угтдаг. Бидэнд дэлхийд урьд өмнө сонсогдож байгаагүй зүйл маш олон бий" гэв.
Сэтгэгдэл ( 6 )