Хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж буй жүжигчин И Сун Гюүнийн хөлийн үснээс шинжилгээ авах ажлыг тус улсын Шүүхийн шинжилгээний байгууллага хийх ёстой байсан ч эдгээр үсний жин хангалтгүй байсан учраас шинжилгээ хийгдээгүй аж.
Энэ тухай Инчоны цагдаагийн газраас өнөөдөр мэдээлэл хийжээ. Жүжигчин И Сун Гюүний шээс болон толгойн үсэнд хийсэн өмнөх шинжилгээний хариу сөрөг гарсан. Цагдаа нар ойрын хугацаанд түүний хөлийн үснээс дахин шинжилгээ авахаар төлөвлөж буйгаа энэ үеэр мэдэгджээ.
Цагдаагийн байгууллага энэхүү хэргийг шалгахдаа тодорхой эд мөрийн баримт бүрдүүлж чадаагүй, үндэслэлгүйгээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна гэх шүүмжлэлд өртжээ. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны ажилтан “Хар тамхины гэмт хэргийн мөрдөн байцаалтад зөвхөн Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжилгээний дүн биш, холбогдох хүмүүсийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн магадлагаа зэрэг багтдаг" гэх тайлбар өгчээ.
Дуучин G-Dragon саяхан нотлох баримт устгахын тулд бүх биеийнхээ үсийн хуссан гэх цуурхалд өртсөн. Энэхүү мэдээллийг цагдаа нар эрс няцаан "G-Dragon нотлох баримтыг устгасан гэх мэдээлэл ор үндэслэлгүй зүйл. Түүний толгойн үс нь хангалттай урт тул биеийн үсний дээжээс шинжилгээнд оруулах шаардлагагүй" хэмээн мэдэгдсэн байна.
Олон нийтийн дунд цагдаагийн байгууллага тэдний хэргийг цагаатгахын тулд нотлох баримт хангалттай цуглуулахгүй байна гэх хардлага төрж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )