2023 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Украин улс “Хүнсний аюулгүй байдлын Олон улсын дээд хэмжээний уулзалт 2023”-ыг Киев хотод зохион байгуулна. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь хүнсний аюулгүй байдлыг хангах дэлхийн эвсэл байгуулах хүчин чармайлтаа нэгтгэх, Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох тээвэр ложистикийн хувилбаруудыг хөгжүүлэх шинэ боломжийг судлах зорилготой юм.
Украин улсын нөхцөл байдал хүнд байгаа ч дэлхийн хүнсний хангамжийн баталгааны амлалтаа биелүүлж, ОХУ-ын Украины эсрэг түрэмгийллийн улмаас үүссэн дэлхийн хүнсний хямралаас гарах арга замыг идэвхтэй хайж байна.
2022 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн санаачилсан “Үр тариаг Украинаас” хүмүүнлэгийн хөтөлбөрийг эхлүүлсэн “Хүнсний аюулгүй байдлын асуудлаарх Олон улсын анхдугаар дээд хэмжээний уулзалт” зохион байгуулагдаж байсан.
“Үр тариаг Украинаас” хөтөлбөр нь дэлхийн хүнсний хямралын хүмүүнлэгийн болон эдийн засгийн үр дагаврыг даван туулахад хувь нэмэр оруулах бөгөөд Украины үйлдвэрлэгчдийн хүнсний бүтээгдэхүүнийг түншүүд худалдан авч, өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа Африк, Азийн орнуудад илгээх зорилготой юм.
Энэхүү санаачилга нь Украины хөдөө аж ахуйд олон улсын дэмжлэг үзүүлэх, тариалангийн талбайг хамгаалах, үйлдвэрлэлийг дэмжих, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах, хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахад баталгаа гаргах олон улсын хэрэглэгчдийг олох боломж олгох юм.
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр хэрэгжүүлэгчидтэй хамтран Украин болон түнш орнууд хүнсний хомсдолын хурц асуудалтай тулгарсан орнуудын дунд Украины үр тариа хүлээн авах шаардалагатай орнуудыг тогтооно.
Анхны олон улсын дээд хэмжээний уулзалтын үр дүнд “Үр тариаг Украинаас” хөтөлбөрт олон улсын түншүүдээс 220 орчим сая ам.долларын хүмүүнлэгийн сангийн дэмжлэг хуримтлагдсан.
Украин Улс зүгээс Этиоп, Сомали, Йемен, Кени зэрэг хүнсний хамгийн хүнд нөхцөлтэй орнуудад 170 мянган тонн улаан буудай нийлүүлсэн. Ийм хөтөлбөрийг Нигери, Судан, Мозамбик / Малави, Мадагаскар, Жибути, Мавритани, Ливан болон бусад орнуудад өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Удахгүй болох дээд хэмжээний уулзалтын өргөтгөсөн хэлбэр нь үр тариа хадгалах, анхан шатны боловсруулалт хийх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хүлээн авагч орнуудад тээвэрлэх хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд нэмэлт боломжуудыг судалж, хамтын ажиллагааны алгоритмыг тохиролцох боломжийг эрэлхийлэх болно.
Дээд хэмжээний уулзалтад 60 гаруй улс орны тэргүүнүүд, байгууллагуудын удирдлагууд уригдан оролцохоо илэрхийлээд байна.
"Үр тариаг Украинаас" - санаачилгыг дэмжсэнээр хүнсний аюулгүй байдлыг даван туулах, мөн Оросын бөмбөгдөлтөд болон минад нэрвэгдсэн тариаланчдад дэмжлэг болох юм.
Эх сурвалж: Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Украин Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Пономаренко Дмитро
Сэтгэгдэл ( 0 )