Ц.Ариунболд: Дизель түлш, шатахууны нийлүүлэлтэд төмөр замтай холбоотой хүндрэл гараагүй

2023 оны 12 сарын 20

Нийслэлд АИ92 шатахуун хомстсонтой холбоотой иргэдийн зүгээс ШТС-уудын гадна урт дараалал үүсгэх болсон. Юунаас болж ийм байдалд хүрснийг нийлүүлэлттэй холбоотой байж магадгүй гэж хэрэглэгчдийн зарим нь таамаглаж байгаа юм. Энэ асуудлаар Улаанбаатар Төмөр Зам(УБТЗ) Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг(ХНН)-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Ариунболдоос тодрууллаа.


-Иргэд, хэрэглэгчдийн хамгийн өргөн хэрэглэдэг АИ92 шатахуун болон дизель түлш хомстож, ШТС-уудын гадна урт дараалал үүсгэж, түгээгчтэй буруу харилцсан хэрэг ч гарлаа. Нийлүүлэлт болоод төмөр замтай холбоотой саатал гарсан уу, эсвэл?

-Өнөөдөр ОХУ-ын нутаг дэвсгэрт Монголыг чиглэн яваа 850 вагон бий. Үүний 176 нь шатахуун, 593 нь түлш байгаа. 176 вагон шатахуун гэдэг бол манай улсын 8-10 хоногийн нөөц. Бид ОХУ-аас орж ирсэн бүтээгдэхүүнийг 18-20 цагийн хугацаанд хүлээн авагч компанид хүргэж өгдөг. Өнөөдөр өглөөний байдлаар Толгойт өртөөнд 78 вагон АИ92 шатахуун байна. 33 вагон нь өнөөдөр бууна,  45 нь маргааш бууна.

-Дизель түлш бас ховордсон олдохгүй байна гэсэн иргэд хот, хөдөөд олон байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Одоогийн байдлаар 102 вагон дизель түлш бий. 55 вагон нь өнөөдөр, үлдсэн 47 вагон нь маргааш бууна. Үндсэндээ нефть бүтээгдэхүүн, тэр дундаа дизель түлш, шатахуун ОХУ-аас тогтсон хуваарийн дагуу орж ирж байгаа.

-ОХУ-ын нутаг дэвсгэрт байгаа, өөрөөр хэлбэл Монголыг чиглэн ирж яваа 850 вагон бий гэлээ. Яг хэзээ орж ирэх бол?

 -Бид Оросын нутагт байгаа 850 вагоныг нааш нь яаралтай ирүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч, Оросын төмөр замынхантай холбогдож  байгаа. Хэзээ орж ирэх талаар тодорхой мэдээлэл одоогоор алга. Бид аль болох хурдан оруулж ирэх талаас Оросын төмөр замынхантай  ярьж байна.

-Та сая ОХУ-аас орж ирсэн бүтээг­дэхүүнийг бид 18-20 цагийн хугацаанд хүлээн авагч компанид хүргэж өгдөг гэлээ. Үүнийгээ тодотгоно уу, өнөөдрийн мэдээллээр хаана, хэдий хэмжээний бүтээгдэхүүн хүргээд байна вэ?

-Одоогоор НИК компанид 54 вагон шатахуун, түлш ирж байгаа. Өнөөдөр 11 нь бууж байна. “Шунхлай” компанид 53 вагон байгаагаас өнөөдөр 16 вагон нь бууж байна. Үлдсан вагонууд маргааш гэхэд буучихна. Дахин хэлэхэд, төмөр замтай холбоотой ямарваа нэг хүндрэлтэй асуудал байхгүй. Ер нь бол хоногтоо улсын хэмжээнд АИ92 шатахууны нэг өдрийн хэрэглээ нь 24-25 вагон буюу 1.500 тонн байдаг.

-Монгол Улсын хилээр өдөрт хэр хэмжээний шатахуун, дизель түлш орж ирж байна вэ?

-Монголд хоногт хоёр галт тэрэг буюу хоёр цуваа орж ирж байгаа. Нэг цуваа нь дунджаар 50-55 вагонтой гэж үзэхэд 100-110 вагон түлш ирж байна. Аравдугаар сарын дунджийг авч үзэхэд 86 вагон түлш, шатахуун орж ирж байсан. Өөрөөр хэлбэл, Толгойт өртөөнд 78 вагон байгаа нь 4.758 тонн шатахуун бэлэн гэсэн үг гэж ойлгож болно.

-Одоо нийлүүлэгдэж буй шатахууны хэмжээг өнгөрсөн оны үетэй  харьцуулж үзвэл ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Энэ оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн байдлаарх тоо хэмжээг 2022 онд орж ирсэн гүйцэтгэлтэй харьцуулахад 25.5 хувиар өссөн. Зөвхөн БНХАУ-аас л гэхэд энэ онд импортоор оруулж ирсэн шатахуун, түлшний хэмжээ гэхэд  өнгөрсөн жилийнхээс 25.7 хувь илүү байна.

-Нийлүүлэлт хэвийн байгаа гэж та сая хэл­­лээ. Гэхдээ иргэд шатахуун авахын тулд ШТС-ын гадаа урт дараалал үүсгэж, шөнө­жин дугаарладаг хэвээр байна шүү дээ?

-Төмөр замаар шатахуун, түлш хэвийн орж ирж байна. Өнгөрсөн оноос нийлүүлэлт 25.5 хувиар өссөн. Бидний зүгээс ачаа хүлээж авч байгаа компаниудад цаг тухайд нь хүргэж өгдөг. Үүнээс цааш буюу борлуулалтын шатан дахь асуудлыг би мэдэхгүй. Өөрийн байгууллагатай холбоотой мэдээллийг өгөхөд ийм байна. УБТЗ ХНН  бол ОХУ, БНХАУ-аас ирж байгаа нефтийн бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь түргэн шуурхай тээвэрлэх дээр онцгой анхааран ажиллаж байгаа гэдгийг хэлье.

Ч.ОЛДОХ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайн(139.5.217.68) 2023 оны 12 сарын 21

Ариунболд бол ТЗ-ын мэргэжлийн хүн дээ

0  |  0
Zochin(202.126.89.112) 2023 оны 12 сарын 21

Ene bas l busad shige idej uusan l noxor bxda. Xarax tsarainii

0  |  0
зочин(202.55.188.115) 2023 оны 12 сарын 21

Тэгээд яагаад одоо хүртэл энэ хэдэн колонк нь хоосон байгаа юм бэ? Худлаа зарахгүй гээд новшроод байгаамуу?

0  |  0
Top