-Монгол Улс 2024, 2025 онд өр төлөхгүй боллоо-
Монгол Улс “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа өчигдөр зарлав. Энэ үйл явдал Монгол Улс 2000-гаад оны эхээр ЗХУ /одоогийн ОХУ/-д төлөх ёстой “Их өр”-ийг тэглэсэн түүхт үйл явдлын дараа орох нэн шинэ үеийн түүх болж үлдэх биз ээ. Гэхдээ энэ боломж нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигын эсрэг хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд, 5Ш ажиллагаа, Хөгжлийн банкны луйвар, Эрдэнэс Тавантолгой дахь нүүрсний хулгайтай хийсэн тэмцлийн үр дүнд бий болсон гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Хэрэв тэгээгүй бол эдийн засаг өсөхгүй, хөрөнгө оруулалт тэлэхгүй байсан. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөд анхаараагүй бол хөгжлийг дэмжих учиртай мөнгө “чанаргүй” нэрээр халхавчилсан зээл болж эрх мэдэлтэн, цагаан захтнуудын данс руу орсоор байх байв. Эцэст нь Хөгжлийн банк дампуурах ирээдүй хүлээж байлаа. Манай улсын валют олдог гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс “Эрдэнэс Тавантолгой”-д үүрлэчихсэн “Нүүрсний бүлэглэл”-ийн олз болоод дуусах байв. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ энэ бүхнийг санаачилж, том зорилгын төлөө өөрийн багийг хөдөлгөж, зөв зүйл эхлүүлсэн гэдгээ, цаашид ч зөв байна гэдгээ “Өргүй Монгол” болсон мэдээгээр шинэ оны босгон дээр зарлалаа.
ХӨГЖЛИЙН БАНК ЦААШИД СОНГОДОГ ЭКСИМ БАНКНЫ ЗАГВАРААР АЖИЛЛАНА
Бондын өрийг бүрэн барагдуулсан талаар тэрбээр өчигдөр иргэд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, олон улсын хамтын ажиллагааны түншүүддээ хандаж хэлсэн үгэндээ дурдав.
Тухайлбал, Монгол Улс дээр дурдсан “Самурай” бондоос гадна өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр Хөгжлийн банкны “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсныг энэ үеэр онцолсон. Засгийн газар өрийн менежментийг сайн хийсний үндсэнд энэ олон бондын өрийг дарж байгаа нь хэнд ч ойлгомжтой юм. Эцэст нь Монгол Улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаагийн чухал нотолгоо гэдгийг Ерөнхий сайд хэлэв. Хөгжлийн банк дампуурах гэж байхад Засгийн газар чанаргүй зээлүүдийг эргэн төлүүлэх үе шаттай арга хэмжээ авснаар дээрх хоёр бондын өрийг төлсөн бол цаашид энэ банк Эксим банкны загвараар ажиллах болсон талаар Ерөнхий сайд өчигдөр байр сууриа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны засаглал, мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхийн тулд Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа сонгодог Эксим банк болгох эрхзүйн цогц шинэчлэлийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн барих ажээ.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛЧУУД БИД 12 ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН ӨРИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНЭЭС ГАРЛАА
Монголчууд “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж ярьдаг. Энэ тухай шинэ оны босгон дээр дурдахаа Ерөнхий сайд мартсангүй. Нөгөө талаас энэ үг монголчууд хуучин он дотор өр зээлээ дарж, айлчлан ирж байгаа шинэ оныг сайн сайхнаар эхлүүлэх нь өөдрөг сайн гэлцдэгтэй утга дүйж буй. Мэдээж, Засгийн газар бүхэн өөр өөрийн цаг хугацааны онцлог, жаргал зовлонтой нүүр тулж, унаж босож ирсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувьд цар тахлыг давж, дайны үед эдийн засгийн хүндрэлийг зохицуулж, авлигатай тэмцэж, бондуудын гадаад өрийг хугацаанд нь төлж, эх орноо дампуурлаас хамгаалах нь цаг хугацааны түүхэн сорилт байсан. Энэ тухайгаа тэрбээр хэлсэн үгэндээ товч дурдсан юм. Ерөнхий сайдын үгнээс эшилбэл “...Хамгийн гол нь гадаад өрийн дампуурлаа хүлээн зөвшөөрч, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох, эсвэл эрс шийдэмгий реформын шинж чанартай хатуу арга хэмжээ авч өөрсдийн эх үүсвэрээ дайчлах хоёрхон сонголт бидэнд байсан. “Хөгжлийн банк” болон “Эрдэнэс Тавантолгой” компанид авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадлаа. “Бидний үр хүүхэд нэг өдөр төлчихнө” гэдэг итгэл үнэмшлээр тооцоо судалгаагүй хандаж, улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж, өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл Монгол Улсад дахин давтагдахгүй ээ. Энэ өр бол улс орны хөгжлийг боомилсон, өрх бүрийн орлогыг хулгайлсан улс орноо дампуурлын ирмэгт хүргэсэн, 12 жилийн алдагдсан боломж гэдгийг хэзээ ч мартаж болохгүй гашуун сургамж юм” гэв.
ЗАСГИЙН ГАЗАР НИЙТДЭЭ 4.1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН БОНДЫГ ТӨЛЖ, 12 ЖИЛИЙН ХУГАЦААНД 13.3 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ
Бонд төлөгдсөн хуваарийг харвал нийтдээ 4.1 тэрбум ам.долларын бонд төлөгджээ. Тухайлбал, Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна. Цар тахлын оргил үед Монгол Улсын эдийн засаг -4.7 хувьтай байсан. Харин 2023 оны урьдчилсан биелэлтээр эдийн засаг 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наяд болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 5.220 ам.долларт хүрч, анх удаа улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарчээ.
Жил хагасын өмнө 2.7 тэрбум доллар байсан гадаад валютын албан нөөц нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Бондын энэхүү төлбөрийг хийсэн ч валютын нөөц зорилтот түвшинд хадгалагдаж байна. Цаашид эдийн засгийг нээлттэй, ил тод болгох бодлогоо тогтвортой хадгалж чадвал валютын нөөц 10 тэрбум ам.долларт хүрэх боломж байгааг дуулгахад таатай байна. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтийн үр шим өр дарахад зарцуулагдаж байсан бол өнөөдрөөс эхэлж, өрх иргэн бүхэнд хүрэх суурь нөхцөл эдийн засгийн хувьд бүрдэж байгааг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 7 )
МАНамын хийсэн хулгай луйвар улс орныг сүйрүүллээ. Ардчилсан намын хийсэн бүтээснийг өөрсдийн болгож шүлсээ үсчүүлэн шүгэлдэхээ больцгоо.Ирэх сонгуулиар та нарыг зайлуулна.
Ямар сайхан мэдээ вээ.Баярлалаа\n
Сайн байна.Чин сэтгэлээсээ хандвал , алсын хараатай байж гол асуудлаа зөв гаргалгаагаар шийдээд явахад бидний амьдралын чанар сайжирч дэвжиж хөгжих боломж холгүй гэдгийг харуулж байгаад талархаж байна.
Oyun erdene chi bol mongold heregtei ued n erunhii said hiin uls ormoo avarlaa. AN iin hujaanuud bolon erdenetiin 49, hugjiliin bank, nuursnii hulgai , nogoon autobusniihan geef chamd olon daisan baigaa. Ted nar ch chamaig gutgej harluulah gej dairch ulairch bna.Bithii shantraarai.amjilt.Ard tumen chinii tald .
Шинэ бонд гаргаж хуучнаа төлчихөөд орлогоороо бондын төлбөр төлсөн аятай попроод мэдээлэл муутай ард түмнээ хуураад байх юм аа. Үнэнээ л хэлээч дээ. Худал үг чинь баригдана шүү дээ.
Хойд хормойгоор урьд хормойгоо нөхөв
АН-аас хол явахгүй бол эх оронгүй ч болж мэднэ шүү, АН засаглавал НАТО-гийн бааз болж Украйны араас орно гэдэг үнэн шүү, ээ бурхан минь АН-аас холуур явуулж хайрла!!!