Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30 хувьд өөрчлөлт оруулна

2024 оны 01 сарын 11

Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2024.01.11/ Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Засгийн газраас уг хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон гол зорилго нь  хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, мэргэжлийн, урт хугацаат хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал, компанийн засаглалыг сайжруулахад чиглэсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн 30  хувьд өөрчлөлт орохоор байгааг Сангийн сайд Б.Жавхлан онцолж байсан.

Улсын Их Хурлын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Хуулийн төсөл батлагдвал олон улсын хөрөнгийн зах зээл дээрх шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэх, урт хугацаат хөрөнгө оруулалт нэмэгдэх, улмаар хувийн хэвшлийн компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжуулан урт хугацаат санхүүжилт татах үйл явц хялбаршиж, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол, санхүүгийн зах зээл дээрх мөнгөн урсгал нэмэгдэн улмаар татварын орлого нэмэгдэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top