Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын УДИРДАХ АЖИЛТНЫ НЭГДСЭН зөвлөгөөн эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 15

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн эхэллээ.

Тус нэгдсэн, сургалт, зөвлөгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа анги, байгууллага, салбар нэгжийн 90 удирдах ажилтан оролцож байна. Энэ өдрүүдэд өнгөрсөн оны ажлын ололт амжилтаа дүгнэж, 2024 оны зорилго, зорилтоо тодорхойлох юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг нээж, хэлсэн үгэндээ, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг, дээд байгууллагын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор 2023 оныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд “Алба хаагчийн хөгжлийг дэмжих” жил болгох зорилтыг дэвшүүлэн амжилттай биелүүлэн ажилласныг онцоллоо. Мөн тэрбээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил” болгон зарласныг танилцууллаа.

Энэ хүрээнд орчин үеийн удирдлагын шинэлэг арга барилыг нэвтрүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүйг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх, ахлагчийн нийгмийн хамгааллыг бэхжүүлж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг дурдаад, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн 2024 оны 01 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top