Г.Ануужин Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 02 сарын 06

Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Дөнгөж сая тэмцээний 64 кг-д өрсөлдсөн Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хороо, “Дархан хан спийд” компанийн тамирчин Г.Ануужин мөнгөн медаль (Огцом өргөлт - 91кг) хүртэж, гурван жил дараалан тивийн аваргын медалийн тавцанд зогслоо. 

2022 онд - Хүрэл медаль
2023 онд - Алтан медаль
2024 онд - Мөнгөн медаль 

“Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тивийн аваргын өрсөлдөөнд Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин улсаа төлөөлөн оролцож байгаа.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Б.Тунгалаг, 59 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Э.Энхтамир, 64 кг-д Ази тивийн аварга Г.Ануужин, Б.Хонгорзул, 71 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл, өсвөрийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт О.Төгс-Эрдэнэ, А.Содгэрэл, 81 кг-д дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Азийн АШТ-ий алтан медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэг, -87 кг-д А.Баясгалан нар өрсөлдөхөөр Узбекстаныг зорьсон.

Харин эрэгтэйчүүдийн 61 кг-д М.Очир-Эрдэнэ, 67 кг-д А.Ананд, Э.Дүүрэнжаргал, 81 кг-д С.Цэнгүм, 96 кг-д Б.Цолмон,  +109 кг-д М.Бахберген нар хүч үзэж байна. 

Хүндийг өргөлтийн баг тамирчдын зүгээс Азийн аваргын бэлтгэл, сургуулилт, оролцоог бүхий л талаар дэмжиж ажилласан БТСУХ болон бусад дэмжигч байгууллагуудад талархал илэрхийллээ. 

Монголын хүндийг өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө нь есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл (Эмэгтэйчүүд зургаан алт, 14 мөнгө, 28 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө, 37 хүрэл) медаль хүртэж байв.

Энэ сарын 1-нд эхэлсэн тэмцээн 12-ныг дуустал үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top