Манай улсын хүнсний голлох нэр төрлийн бүтээгдэхүүн болох гурилын үнэ өмнөх оноос өссөн байна. Гэвч үнэ нэмэгдэхийн хажуугаар гурилын чанарын асуудал анхаарал татна.
Энэ жил цагаан сарын бууз, хэвийн боовоо өөрсдөө хийсэн хүмүүсийн амнаас гурил нь урдынхаас нэг л өөр, чанар муутай байна гэх үгийг бишгүй сонссон байх.
Тэгвэл үнэхээр гурилын чанар муудсан бөгөөд дотоодын улаан буудайн чанар муудсан нь үүнд нөлөөлж байгааг гурил үйлдвэрлэгчид хэлж байна.
Чанартай гурил үйлдвэрлэхийн тулд цавуулаг өндөртэй улаан буудайтай байх шаардлагатай. Гэвч улаан буудайн чанар хангалтгүй байгаа асуудал жилийн жилд л яригддаг хэвээр байна. Буудайн чанарт цаг агаарын хүчин зүйл, үрийн чанар, хадгалалт зэрэг цөөнгүй хүчин зүйл нөлөөлдөг.
Тухайлбал, ургац хураалтын үед цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөөс зарим ногоо, үр тариа хяруунд цохиулж ургацын хэмжээ багасаж, тэжээллэг чанар алдагддаг. Уур амьсгалын өөрчлөлт хүнсний үйлдвэрлэлд шууд нөлөөлөөд зогсохгүй хүнсний нэмүү өртгийн сүлжээний бүхий л үе шатанд хүнсэнд агуулагдах шимт бодисуудыг алдагдуулж байна.
Нөгөө талаар улаан буудайн чанарыг сайжруулахын тулд сорт солих, үр шинэчлэх, цавуулаг өндөртэй улаан буудай импортоор авах хэрэгтэйг гурил үйлдвэрлэгчид хэлдэг. Хэдийгээр дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангахуйц улаан буудай хураан авч байгаа ч чанар энэ хэвээр доголдолтой байвал хэрхэх вэ? Дахиад л импортын бүтээгдэхүүний хараат болж, үнийн өсөлтийн дарамтад орох уу гэдэг болгоомжлол тулна. Нөгөө талаар импортоор хэрэгцээгээ нөхөх ч учир дутагдалтай байна.
ХУРААСАН УРГАЦ, төрлөөр, хэмжих нэгж: тн
Төрөл |
2019 |
2020 |
2021 |
2022 |
2023 |
Буудай |
387168 |
375927.8 |
523963.3 |
376531.9 |
420304 |
хөх тариа |
333.32 |
194.9 |
88.7 |
73.4 |
50.2 |
Монгол Улс улаан буудайн 17 хувийг импортоор авдаг. Орос Украин руу довтолсноос хойш нэг жил өнгөрөөд байгаа ч хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Дэлхийн улаан буудай болон бусад чухал үр тарианы хоёр томоохон экспортлогч дайны хоёр дахь жилдээ орж байгаа энэ үед эмзэг бүлгийн олон орны хүнсний аюулгүй байдал хурцадсан хэвээр байна. НҮБ-ын ХХААБ-ын Хүнсний үнийн индексээс харахад, сүү, үр тарианы хамт ургамлын тосны үнэ хамгийн өндөр хувиар өссөн бол элсэн чихэр, мах өнгөрсөн оны эхэн үетэй харьцуулахад бага зэрэг өөрчлөгджээ. ОУВС болон дэлхийн бусад байгууллагууд хүнсний аюулгүй байдлын талаар саяхан гаргасан хамтарсан мэдэгдэлдээ Засгийн газар болон хандивлагчид хамгийн эмзэг бүлгийнхэнд үзүүлэх дэмжлэгээ эрчимжүүлж, худалдаа, зах зээлийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, хортой татааснаас татгалзах ёстой гэж мэдэгджээ.
Энэ байдал ч манай улсад нөлөөлж, цаашид ч нөлөөлсөөр байх нь дамжиггүй. Тухайлбал, нэр бүхий худалдааны төвүүдээр явж, гурилын үнийг судлахад өмнөх оноос өссөнийг харж болно.
Баянзүрх зах, Сансар супермаркет, Хүчит шонхор, Бөмбөгөр худалдааны төв, Саруул зах, Барс худалдааны төв, Таван эрдэнэ зах, Хархорин зах, Номин супермаркет, М март, Оргил супермаркет, E mart, Их наяд худалдааны төвөөр борлуулж байгаа гурилын үнийн мэдээллийг графикаар хүргэе.
Түүнчлэн дэлхийн хүнсний үйлдвэрлэлд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх сөрөг нөлөө өсөн нэмэгдэж байгааг харгалзан үзвэл уур амьсгалын өөрчлөлтгүй хувилбартай харьцуулахад 2050 он гэхэд хүнсний үнэ үлэмж хэмжээгээр өснө гэж тооцоолж байна. Төмсний үнэ 36 хувь, шошийн үр 14 хувь, шувууны мах 14 хувь, хүнсний ногоо 12 хувь, улаан буудай 8 хувь өснө гэсэн тооцоотой байна.
Тэгэхээр улс орны стратегийн хүнс болох улаан буудай, гурилын чанарын асуудлыг бодлого тодорхойлогчид одооноос анхаарахгүй бол нэргэсэн хойно нь хашхираад нэмэргүй болох вий!
Сэтгэгдэл ( 1 )
Uramshuulaliig chanariin shalguuraar yalgavartai olgood l boloo bish uu?