Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 18

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцох үеэрээ БНХАУ-ын Kоммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа. 

Уулзалтын үеэр талууд энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, хоёр улсын харилцаа Иж бүрэн стратегийн түвшинд хүрсний 10 жилийн ой тус тус тохиож байгааг онцлон тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нийгмийн бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Үүнээс гадна хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа үүнийг нөхцөлдүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаар тогтлоо.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд нь энэхүү хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг онцолж, энэ онд тохиож байгаа түүхэн ойгоор харилцан айлчлалын давтамжийг хадгалж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top