Ойрх Дорнодын бүс нутагт цэргийн мөргөлдөөн, геополитикийн нөхцөл хурцдаж буй энэ үед Монгол Улс иргэдээ татан авах төлөвлөгөөг шинэчиллээ. Хэрэв Израиль дахь иргэдээс буцах хүсэлт ирвэл Тель-Авив хотоос Таба боомтоор дамжуулан Египетийн хилээр нэвтрүүлж, цааш татан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах төлөвлөгөө боловсруулсан байна. Энэхүү маршрутыг өмнө нь ашиглаж байсан юм. Аюулгүй байдлын нөхцөлтэй уялдуулан эцсийн шийдвэрийг гаргана гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Албаны мэдээллээр Ойрх Дорнодын бүс нутагт Монгол Улсын нийт 281 иргэн амьдарч байна. Үүнээс 80 нь АНЭУ-д, 45 нь Египет улсад, 40 орчим нь Израильд, 38 нь Кувейт улсад, 33 нь Бахрейнд, 23 нь Саудын Араб улсад, 19 нь Катарт оршин сууж байна. Оманд хоёр, Йордан улсад нэг иргэн байгаа юм. Израильд амьдарч буй 40 орчим иргэн нь ихэвчлэнтухайн улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан хүмүүс бөгөөд одоогоор эх орондоо буцах хүсэлт гаргаагүй байна.
Засгийн газар өмнө нь бүс нутгийн нөхцөл байдал хүндэрсэн үед иргэдээ үе шаттай татан авч байсан туршлагатай. Тухайлбал 2023 оны аравдугаар сард нийт 17 иргэнийг эх оронд авчирч байсан юм.
Гадаад харилцааны яамнаас иргэдийг тухайн улсын эрх бүхий байгууллагын заавар, анхааруулгыг чанд мөрдөх, дипломат төлөөлөгчийн газартай тогтмол холбоотой байхыг санууллаа. Нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөхөөс шалтгаалан татан авах ажиллагааг богино хугацаанд эхлүүлэх бэлтгэл хангагдсан гэж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )