Трамп гал зогсоох хугацааг сунгасан ч Иран зөвшөөрсөнгүй

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай явуулж буй яриа хэлэлцээг дуустал гал зогсоох дэглэмийн хугацааг сунгалаа.

Гэхдээ Цагаан ордны тэргүүн Ираны боомтуудын бүслэлтийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Пакистан улс Тегеран яриа хэлэлцээний асуудлаар өөрийн саналыг тавих хүртэл цохилт өгөхөө хойшлуулах хүсэлт тавьжээ. Харин Ираны боомтуудыг нээвэл Ирантай ямар нэгэн тохиролцоонд хүрэх боломжгүй болно гэж Трамп үзэж буйгаа Truth Social сүлжээнд илэрхийлжээ. Ираны саналыг хүлээх хугацаанд Ойрх Дорнодод байрлаж байгаа АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн дайны бэлэн байдалд байна гэж мэдэгджээ.

Тегеран, Вашингтон хоёр долоо хоногийн өмнө гал зогсоох тухай зарласан билээ. Энэ хугацаанд талууд Исламабад хотноо хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрч чадаагүй.

Лхагва гарагт /2026.04.22/ дахин уулзахаар товлосон ч Ираны зүгээс оролцохоос татгалзаад байна. Ираны Tasnim агентлагийн мэдээлснээр, Ираны эрх баригчид талуудын эрх ашигт нийцсэн хэлцэл байгуулахад саад учруулж байгаа тул АНУ-тай хэлэлцээ хийх нь цаг үрсэн явдал гэж үзэж байна. IRNA агентлаг АНУ Ормузын хоолойг бүсэлсэн болон хэтэрхий боломжгүй шаардлага тавьж байгаа учраас Тегеран ийм шийдвэр гаргасан гэж онцолжээ.

Түүнчлэн, Тегеран гал зогсоох дэглэмийг үргэлжлүүлэх хүсэлт тавиагүйг Rasnim агентлаг дамжуулсан байна. Тегеран нь гал зогсоох дэглэмийг мөрдөхгүй байх эрхтэй гээд үндэсний эрх ашигт нийцсэн арга хэмжээг авах болно гэж мэдэгдэлд онцолсон байна. Ираны Зэвсэгт хүчин дайны бэлэн байдалд байгааг мөн дурдаад Иранд цохилт өгвөл АНУ, Израилд дахин нэг “сургамж” өгнө гэж мэдэгджээ.

Үүнтэй зэрэгцэн Исламабад хотноо яриа хэлэлцээнд оролцох үүрэг бүхий АНУ-ын төлөөлөгчид Пакистан руу нисэх нислэгээ хойшлуулаад байгаа бөгөөд Тегеранаас санал хүлээж байгаа тухай Цагаан ордны төлөөлөгчид мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top