Нарны аймгийн баригдашгүй ес дэх гарагийг нээхэд ойртов

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 29

АНУ-ын Калифорнийн Технологийн дээд сургуулийн одон орон судлаачид нарны аймгийн Х гараг хэмээн нэрлэгдсэн ес дэх гарагийн эрлийн хүрээг хумьсан тухай LiveScience порталд мэдээлжээ.

Далайн ван гарагийн тойрог замын цаана бага гараг, солирын орон болох Койперын бүслүүрт ер бусын гажсан тойрог зам бүхий хэд хэдэн объект илрүүлсний дараа манай нарны аймагт бас нэг гараг байна гэх таамгийг дэвшүүлжээ. Ийм төрлийн траектор нь манай Дэлхийгээс долоо дахин их жинтэй асар том гарагийн таталцах хүчний нөлөөллөөс үүдэлтэй болохыг судалгаа харуулжээ.

Хэрэв Х гараг үнэхээр байдаг бол манай нарны аймагт хэмжээгээрээ тавд бичигдэж, Дэлхийн байрыг эзлэх юм. Урьдчилсан тооцооллоор, Х гараг нарнаас 500-600 одон орны нэгж зайд буюу Дэлхий нараас алслагдсан зайнаас 500-600 дахин их юм. Одон орон судлаачид Х гараг байрлаж болох бүсийн 78 хувийг судалсан ч одоогоор юу ч илрүүлээгүй байна. Бусад бүс нь Хавай дахь Pan-STARRS одон орон судлалын төвийн дуран авайн хүчин чадал хүрэхгүй алсад оршиж байгаа аж. Эрдэмтдийн ярьснаар, манай нарны аймгийн ес дэх гарагийг хэдэн жилийн дараа олно гэж найдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top